Цаг үеийн мэдээ

Ховд аймагт сүүлийн өдрүүдэд коронавирусний халдвар авсан хүний тоо нэмэгдээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар таван хүн хэвтэн эмчлүүлж байна. 

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн вируслогийн салбар лаборатори сүүлийн 24 цагт нийт 365 сорьцод PCR шинжилгээ хийхэд шинээр коронавирусний халдварын тохиолдол илрээгүй гэж албаныхан мэдээллээ.

Ховд аймагт одоо халдварын батлагдсан тохиолдол нийт 245 байгаагаас 240 иргэн буюу 97.9 хувь нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Үүнтэй холбогдуулан ойрын хавьтал болон тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн тоо буурч байна.   

Тавдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Тусгаарлах эмнэлэгт таван хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал маш хүнд, бусад нь хөнгөн байна.  

Одоогоор тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 271 иргэн байна. Мөн тусгаарлан ажиглах байранд 42, гэрийн тусгаарлалтад 217, гэрийн ажиглалтад 250 иргэн буй.  

Улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг үе шаттай хэрэгжүүлж, коронавирусний халдварын тархалтыг хумихад хязгаарлалтын дэглэм баримталж, дэмжлэг үзүүлж буй иргэд олон нийтэд албаныхан талархал илэрхийллээ. Мөн цаашид иргэн бүр халдвараас сэргийлж, тусгай хуваарийн дагуу вакцинд идэвхтэй хамрагдахыг хүслээ.