Цаг үеийн мэдээ

МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн уламжлалт “Алтан бийр-15” үзэсгэлэнг цахимаар зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа.

Тус үзэсгэлэнгийн тэргүүн байрт "LAND" бүтээлээр уран бүтээлч Л.Очирсүх шалгарч, “Алтан бийр” цом, мөнгөн шагнал, МУЭ-ийн уран бүтээлчдийн урланд уран бүтээлээ хийх нэг жилийн эрхээр шагнууллаа. Харин үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлээр уран бүтээлч С.Балжинням нар тодров.

Энэхүү үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Монголын Урчуудын Эвлэлийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, "Залуу уран бүтээлчдийн нэгдэл"-ийн тэргүүн С.Зэсээ, Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүлэгч гишүүн Н.Отгонбат нар өнөөдөр гардуулсан юм.

Л.Очирсүх, "LAND" бүтээл. Керамик

Дэлхий даяар модыг тасдаж хүн төрөлхтний хөгжилд ашиглаж байгааг уг бүтээлээрээ сануулж байна. Мод ургахдаа маш удаан хугацааг зарцуулан хүн болон амьтанд амьдрал бэлэглэх хүчийг өөртөө агуулдаг. Энэхүү бүтээлийн материал нь бидний газар шорооны нэгэн хэсэг шавраар бүтээж модны хэв шинжийг агуулан гол цуурсан хэсэгт алтан паалан ашигласан нь модны хэрчим бүр үнэ цэнтэй гэдгийг илэрхийлнэ.

С.Балжинням, Найман нуур, 85х130. Зотон тос