Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр /2021.05.21/ мэдээлэл хийлээ. Тэрээр: " 2021 оны 5 сарын 10-ны өдөр Засгийн газрын 100 хоногийн тайлангийн хурал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ миний нэр хүндэд ноцтойгоор халдсан. Энэ талаар би өнөөдөр /2021.05.21/ 2 дахь мэдээллээ хийж байна. Өнөөдөр /2021.05.21/ би Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Ерөнхий сайд хүн ямар ч нотолгоогүйгээр миний нэр хүндэд халдсан. Тийм учраас би нэр төр ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, хариуцагчийг уучлал гуйх, мэдээ тараасан арга хэлбэрээрээ няцаалт хийхийг даалгах нэхэмжлэх гаргасан.  Мөн гэм хорыг арилгуулах хохиролд 100.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ 100 сая төгрөгийг цар тахлын үед орон гэргүй болсон, өрх толгойлсон ядарсан зүдэрсэн ээжүүдэд олгоно. Нэг талаас харахад нэг хүн нэг хүний талаар шүүмжлэл хэлсэн юм шиг ташаа ойлголт байгаа. Энэ бол өөрөө нэг намын дарангуйлал яаж бий болдог гэдгийн тод илрэл шүү. Сөрөг хүчнийхээ дугардаг хүмүүсийн амыг таглах, сөрөг хүчнээ өөрсдийнх нь ажлыг шүүмжилсний төлөө гүтгэх, өөрөө эрх мэдэлтэй учраас надтай холбоотой доогуурх бүх газрууд миний эсрэг ажиллахгүй, энэ хүнийг нийлж байгаад буруутгана гэсэн ноцтой асуудал үүсч байна. Үүний эсрэг би эцсийн цэг хүртэл нь явна. 

Би Хан-Уул дүүргийн иргэний хэргийг анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Мөн холбогдох 10 гаруй байгууллагуудаас тайлбар бичгийг гаргуулж байгаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэдэг хүн яг яаж вакцины асуудалд саад, хор хохирол учруулсан бэ? гэдэг бүх тайлбарыг авч байгаа" гэлээ.