Цаг үеийн мэдээ

Цар тахлын улмаас 2020 онд нээлтээ хийх байсан дотоодын, гадаадын олон кино хойшилсон. Гэхдээ цаг наашилж дэлхийн кино театрууд нээлтээ хийж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн Монголын кино найруулагч Балхжавын Чингүүний ээлжит бүтээл   “Six Feet” УСК  эхний нээлтээ АНУ-д хийхээр товоо зарлажээ.  Уг кино нь найруулагч Б. Чингүүний 7 дахь бие даасан уран бүтээл ба “ Mogul Pictures”– ын 10 дахь өргөн дэлгэцийн бүтээл юм. “Six Feet” УСК зохиолыг кино найруулагч Б.Чингүүн өөрөө бичсэн бөгөөд 2020 оны цар тахлын хамгийн хүнд үеүдэд зураг авалтууд амжилттай хийгджээ. Түүнчлэн кинонд Монголын болоод гадаадын залуу чадварлаг жүжигчид тоглож, кино зураг авалт   Washingtond DC, Virginia мужид хийгджээ. Киноны гол дүрд Монгол талаас жүжигчин Ч. Сэлэнгэ,  жүжигчин н.Болдбаатар нар тоглосон юм. Жүжигчин Ч.Сэлэнгийн хувьд “18 нас би чамд хайртай”, “Хайр” “Аз жаргал”, “Охид” ОАКино зэрэгт гол дүрийг бүтээж үзэгчдэд танигдсан бол  УДЭТ-н тав дахь Жульетта - д тоглосноор тайз дэлгэцийн уран бүтээлчдэд төдийгүй үзэгчдэд өөрийн чадвараа харуулж чадсан юм.

Харин жүжигчин Болдбаатарын хувьд одоогоор АНУ-д амьдарч ажилладаг бөгөөд уг кинонд гол дүр бүтээн продюсероор ажилласан юм. 

Мөн Америк талаас залуу жүжигчин, дуучин Brain Lopez, Black Smith, Ed Sites нар гол дүр ба туслах дүрүүд тоглосон байна.

90 минутын турш үргэлжлэх уг кино нь адал явдалт, драмын төрлийн кино бөгөөд, цаг хагас үргэлжлэх энэхүү хугацаанд хүний шунал, мөнгөний үнэ цэнэ, гэр бүлийн хайр, харь нутгийн хүнд хэцүү тухай өгүүлнэ. Түүнчлэн хүн төрөлхтний түүхэнд гунигт түүх болон үлдэх ковид – 19, болоод цагдаа нарын гарт харамсалтайгаар амиа алдсан африк гаралтай  иргэн Жорж Флойдын талаар ч бодит үнэнг харах боломжтой. Монголын киночдын чансааг харуулж, кино бүтээгчдийн өлгий нутаг гэгдэх АНУ-д эхний нээлтээ хийн салхийг хагалах “Six Feet” УСК-ны хамт олонд амжилт хүсэхийн сацуу, эх орондоо ч ирэн нээлтээ хийхийг тэсэн ядан хүлээе.