Монгол ардын намаас Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулаад буй У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Тэрээр: "Монголынхоо ард түмэнд энэ оройн мэнд хүргэе. Монгол улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгууль хуулийн хүрээнд албан ёсоор явагдаж өндөрлөж байна. Ард иргэд маань бидэнтэй хамт сонгуулийн дүнгийн талаар мэдээллийг телевизээр авч байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол улсын нийт сонгуульд оролцох иргэдийн 60 орчим хувь нь оролцсон байна. Энэ 60 орчим хувиас МАН-аас нэр дэвшсэн миний бие 65 орчим хувийн саналаар ялалт байгуулж байна. Монголынхоо нийт ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байгааг илэрхийлье. Үүнийг би асар том хариуцлага гэж хүлээн авч байна. Монголын ард түмэн төр засгийг тогтвортой ажиллаасай, улс орондоо олон зүйл хийж бүтээгээсэй, эхлүүлсэн ажлуудаа дуусгаасай гэсэн энэ том итгэл найдварыг үзүүлж саналаа өглөө хэмээн ойлгож байна. Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг би хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө, ард түмнийхээ эв нэгдлийн төлөө, улс орныхоо сайн  сайхан  амьдралын төлөө үр хүүхэд залуу хойч үедээ сайхан нийгэм үлдээхийн төлөө чөмгөө дундартал хичээх болно гэдгийг хэлхийг хүсэж байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд хамт өрсөлдсөн Ардчилсан намаас нэр дэвшсэн С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Д.Энхбат нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.  Мэдээж сонгууль өрсөлдөөнтэй болдог гэхдээ бид энэ 14 хоногийн хугацаанд сайхан өрсөлдлөө. Улс орон даяараа явлаа. Ажил төрлөө ярилаа. Шудрага, ил тод, нээлттэй, маш зардал багатай сонгууль болсон гэж үзэж байна. 2 нөхөртөө бас  дахин амжилт хүсье.  Улс төрийнх нь ажилд өндөр амжилт хүсье,  гэр бүл үр хүүхдүүдэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эрүүл энх аз жаргалыг мөн хүсэн ерөөе. Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ  баярлалаа. Монгол улсын төлөө зүтгэе" гэлээ. 

Таны сурталчилгаа