Цаг үеийн мэдээ

ХҮН, Зөв хүн электорат эвслээс Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХҮН-ын дарга Т.Доржханд "Монголчууд бид шинэ үндсэн хуулийн хүрээнд анх удаа 6 жилээр сонгогдох Ерөнхийлөгчийнхөө сонгуулийг амжилттай хийж дуусгалаа. Энэ удаагийн сонгууль өмнөх 30 жилд хийгдсэн сонгуулиудаас маш ялгаатай сонгууль боллоо гэж дүгнэж байна. Ямар нэгэн байдлаар нэгнээ харлуулж гүтгэсэн сонгууль болоогүй, мөн маш зардал багатай сонгууль боллоо гэж дүгнэж байна. 

Нийгмийн хүлээлтийг хүлээн авч, хамгийн олон санал авсан  МАН-ын дарга У.Хүрэлсүх танд баяр хүргэж, амжилт хүсье. Монгол төрийн энэ эрхэм хүндтэй албыг ирэх 6 жилд нэр төртэйгээр хашна гэдэг итгэж байна. Мөн бидэнтэй өрсөлдсөн АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэ таньд талархлаа илэрхийлж цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсье. 

ХҮН, "Зөв хүн электорат" эвслээс нэр хүндтэйгээр нэр дэвшсэн Д.Энхбат маань харамсалтайгаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Бидний дунд байх болохгүй байна. Бидэнд саналаа өгсөн 246.955 сонгогч нартаа  нэр дэвшигчийнхээ өмнөөс болоод ХҮН-ын, "Зөв хүн электорат" эвслийнхээ өмнөөс талархлаа  илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

2020 оны сонгуульд улс орон даяараа бид сонгуульдаа оролцож байхад  ХҮН-д нийтдээ 209 мянган иргэн саналаа өгч байсан. Харин 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ердөө нэг жилийн дараа өгсөн саналын тоо  250 мянга болжээ. Өөрөөр хэлбэл бидний дэмжигчдийн тоо өссөн хэвээрээ байна. Бид улс төрийн шинэ хүчин байж болно. Гэхдээ иргэд маань биднийг дэмжиж байна. Санал өгсөн иргэдийн хамгийн багадаа 20 орчим хувь нь биднийг дэмжиж байгаагаа  хоёр удаагийн сонгуулиар илэрхийллээ. Энэ нь бидэнд маш их урам зориг өгч байна. Цаашдаа бид Монголын улс төрд шинэ салхийг салхилуулах, эрүүл улс төрийг Монголын улс төрд авчирах цаашдаа эрүүл зөв хүмүүсийг, монголчуудыгаа төлөөлж чадах хүмүүсийг энэ намаасаа энэ эвслээсээ дэвшүүлэх болно. Бодлогоороо үнэт зүйлээрээ, зарчмаараа бид өрсөлддөг ийм улс төрийн шинэ соёлыг бид Монголын улс төрд түгээж чадна гэдэг итгэл үнэмшлээ бид авч чадлаа. 

Мөн сонгуулийн нэлээд олон хэсгүүд дээр манай нэр дэвшигч ялсан байгаа. Үүнийг мөн цохон тэмдэглэе. Ялангуяа гадаадад байгаа иргэд маш идэвхтэй оролцлоо. Нийтдээ гадаад байгаа иргэдийн өгсөн саналын 75.4  хувь нь ХҮН, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбатад өгсөн байна.

Хоёрдугаарт энэ сонгуульд манай эвслээс 1.2 тэрбум төгрөгийн зардал гарсан. Энэ бүх мөнгө хандиваар боссон. Энэ бүх хандивын дийлэнхийг гадаадад байгаа монголчууд шилжүүлсэн. Үүгээрээ бид монголчуудынхаа хандив дэмжлэгээр сонгуулийг амжилттай зохион байгуулж болдог гэдгийг харуулснаараа их онцлог сонгууль боллоо. Иймд гадаадад байгаа оршин суугаа биднийг сэтгэлээрээ дэмжсэн, Монголоо хөгжүүлэхийн төлөө ажилладаг, дэмждэг нөлөөлөл үзүүлсэн эрхмүүддээ гүн талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу. 

Д.Энхбат гэдэг хүн ердөө нэг сарын өмнө нэр дэвшинэ гэдгээ мэдээгүй явсан. Нэг сарын өмнөөс л Монгол орноо тойрч, сонгогчидтой уулзсан. Түүнийг дэмжиж тусалж дэмжсэн Дефакто Д.Жаргалсайхан ахдаа, нэр дэвшигчийн гэргий Д.Оюунцэцэг эгчдээ талархал илэрхийлье. Бидний саналыг хүлээж авсан эгэл жирийн инженер, доктор Д.Энхбат танд ХҮН, "Зөв хүн электорат" эвслийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлье. Энэ удаагийн сонгууль бол маш сайн сонгууль боллоо" гэлээ.