Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.06.17) үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2021 оны 05 дугаар сарын 12-ны өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. 

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нар тус тус танилцуулсан.  

Виртуал хөрөнгө нь шинэ технологийн үндсэн дээр үүссэн бөгөөд цаашид ч техник, технологийн хөгжлийг дагаад шинээр санхүүгийн үйлчилгээний тоо ихсэж, түүнийг дагаад гарах эрх зүйн зохицуулалтууд нэмэгдэх хандлагатай байна. Монгол Улсад криптовалютын арилжаа хийдэг хэд хэдэн цахим хуудас, нэг АТМ байгаа бөгөөд үүнтэй холбоотой үйлчилгээ нь Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх төлбөр тооцооны үйлчилгээнд хамаарахгүй, мөн аль нэг байгууллагын хяналт, зохицуулалтад байдаггүй. Санхүүгийн хэрэглэгч өөрийн сонголтын хүрээнд биткойн арилжааг хийж, цахим хуудсаар криптовалютыг биржийн зарчмаар арилжаалж байна. Дээрх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь уг санхүүгийн үйлчилгээг үзүүлэгчид тавигдах хариуцлагын тогтолцоогүй, виртуал хөрөнгө эзэмшигч өмч хөрөнгөөрөө хохирох тохиолдолд хэн хариуцах, маргааныг хэрхэн шийдвэрлэх зохицуулалт тодорхойгүй байгааг Х.Нямбаатар сайд танилцуулгадаа онцлов. 

Монгол Улс нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас гарсан боловч ФАТФ-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан үндэсний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдахын зэрэгцээ Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, ФАТФ-аас гаргасан зөвлөмж 15-ын хэрэгжилтийг ханган Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс сэргийлэх харилцан үнэлгээнд эрсдэлтэй орны тоонд оруулах эрсдэлээс хамгаалах үүднээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг Хууль, тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан гэж байлаа. 

Хуулийн төслөөр виртуал хөрөнгө, хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг, тэдгээрт тавигдах нийтлэг болон нэмэлт шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлж, үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, хяналтын механизмыг бий болгож, тэдгээрийг гүйцэтгэх субьектыг Санхүүгийн зохицуулах хороо байхаар тодорхойлж, түүний эрх, үүргийг төсөлд тусгажээ. Түүнчлэн виртуал хөрөнгө, түүнийг зарж борлуулсан, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлснээс олсон орлогоос татвар оногдуулах, харин тухайн үйлчилгээ үзүүлэгчийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн нэгэн адил Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бий болгож, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Эдийн засгийн байнгын хороо 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Н.Учрал, С.Чинзориг, Ч.Ундрам, Ж.Сүхбаатар, Н.Энхболд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн зүгээс виртуал хөрөнгийн талаар тодруулахын зэрэгцээ иргэдийн хөрөнгийг залилах, луйврын шинж чанартай үйлдлээс хэрхэн сэргийлэх, хууль боловсруулж батлах хугацаа, орчин бүрдсэн эсэхийг илүүтэй лавлаж байлаа. Мөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг хянах өндөр техник технологи, ур чадвартай боловсон хүчин бэлэн эсэх, виртуал хөрөнгөөр төлбөр, тооцоо хийхийг хүлээн зөвшөөрөх эсэхийг тодруулав. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариултдаа, хуулийн төсөлд “виртуал хөрөнгө” гэж аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг хэлнэ гэж заасныг дурдав. Мөн тэрбээр, Санхүүгийн зохицуулах хороонд технологийн чиглэлээр мэргэшсэн өндөр ур чадвартай боловсон хүчин байхгүй тул цалингийн итгэлцүүр, шатлалыг Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулсан гэж байлаа. 

Гишүүдийн болгоомжилж байгаа иргэдийн хөрөнгийг луйврын шинж чанартай үйлдэл гаргахгүйн тулд виртуал хөрөнгийн үйлчилгээг бүртгэлжүүлэх шаардлагатай байгааг Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хариултдаа онцлоод бүртгэл хийхгүй бол өнөөдөр эрх зүйн зохицуулалтгүй үйл ажиллагаа явуулж байгаа 2 компани 20 болохыг үгүйсгэхгүй. Хуулиар энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэлжүүлж, хуулийн төсөлд иргэд виртуал хөрөнгийн үйлчилгээний гэрээг хэрхэн хийх талаар тодорхой тусгаж өгсөн гэж байлаа. 

Харин Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, виртуал хөрөнгө бол төлбөр тооцооны хэрэгсэл биш. Монгол Улс виртуал хөрөнгийг төлбөр тооцоонд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.  

Ингээд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар төсөл санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

Улс орны хөгжлийг тэтгэх бодлогын цөм нь хүн бөгөөд Монгол хүний хөгжлийг тэтгэх, удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах талаар төрөөс иж бүрэн зохицуулалттай бодлого, хууль тогтоомжийг гаргах, үндэсний хөтөлбөртэй болох шаардлагатай байна. Мөн хүн ам, удмын сангийн аюулгүй байдлын талаар бодлогын хэрэгжилтийг ханган ажиллаж буй төрийн чиг үүрэг бүхий бүтэц одоогийн байдлаар байхгүй байгаа бөгөөд үүний улмаас хүн ам зүй, удмын сангийн аюулгүй байдлын бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилт учир дутагдалтай байна. Энэхүү асуудал нь нэг яам, нэг салбарын асуудал бус олон салбарын зангилаа асуудал юм. Улмаар чухал асуудлыг тунхаглал болгохгүйн тулд салбар дундын бодлогын уялдаа холбоог хангах, судалгаанд үндэслэсэн  бодлого төлөвлөлт хийх, хэрэгжилтийг анхаарах үүрэг бүхий бүтэц “Хүн ам, удмын сангийн аюулгүй байдлын үндэсний төв”-ийг ҮАБЗ-ийн дэргэд байнгын, хараат бус байдлаар ажиллуулах нь нэн чухал гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдав. 

  Хүн амын генетик нөөцийн судалгаа, шинжилгээг хөгжүүлэх, цаашлаад хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лаборатори, дэвшилтэт технологи ашиглан онолын суурь судалгаа болон молекулын биологийн судалгаа, шинжилгээг дэлхийн түвшинд хийх, генийн оношилгоо, эмчилгээг эрүүл мэндийн салбарт ашиглах, хүний генетикийн чиглэлээр өндөр түвшинд мэргэшсэн, мэргэжлийн хүний нөөцтэй болох нь олон улсад хурдацтай хөгжиж буй генийн инженерчлэл, биотехнологийн ололт амжилтыг улс орондоо нэвтрүүлэхэд томоохон алхам болохоор байна. Удмын санг цус ойртолтоос сэргийлж, цэвэр тунгалаг байлгах, хүнээ хөгжүүлж, өндөр чадавх бүхий иргэнтэй болох гол хэрэглүүр болсон “Угийн бичиг” хөтлөх журмын хэрэгжилт улсын хэмжээнд хангалтгүй байгаа бөгөөд нийт айл өрхийн 22.2 хувь нь удмаа огт мэддэггүй, 88.5 хувь нь “Угийн бичиг” огт хөтөлдөггүй, түүний ач холбогдлын талаар мэдлэг дутмаг байгаа нь сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харагдаж байна. Цаашид угийн бичиг хөтлөлтөөс гадна ургийн овгийг зөв хэрэглэх асуудалд ч анхаарал хандуулах шаардлагатай байгааг Улсын бүртгэлээс гаргасан овог нэршлийн судалгааны үр дүнгээс харж болно гэдгийг Улсын Их Хурлын Г.Тэмүүлэн танилцуулгадаа онцолсон. 

Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав. 

  Тогтоолын төсөл батлагдсанаар эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, гэр бүлийн хөгжлийг дэмжих, олон хүүхэдтэй өрхийн нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, өрх бүр угийн бичиг хөтлөх, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, монгол хүний оюун ухааны чадавх, бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэстний дархлааг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзсэн бөгөөд монгол хүний хүн ам зүйн бодлогын хэрэгжилтийг хангах, удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын байр шинээр нэмэгдэж дундаж цалингийн зардалд 51.9 сая төгрөг, зургаагаас дээш хүүхэдтэй гэр бүлд нэг удаагийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх 48.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын тооцоо хийснийг С.Чинзориг гишүүн санал, дүгнэлтдээ дурдаад хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзснийг онцлов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Б.Баярсайхан, Ж.Сүхбаатар, С.Чинзориг  нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, тогтоолын төслийн “Хүн ам, удмын сангийн аюулгүй байдлын үндэсний төв”-ийг ҮАБЗ-ийн дэргэд байнгын, хараат бус байдлаар ажиллуулна гэснийг хасах нөхцөлтэйгөөр  дэмжиж байна. Төсөв хөрөнгийг уялдуулах асуудлыг Ажлын хэсэг  дээр  анхаарах шаардлагатай гэсэн бол  Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, удмын санг цус ойртолтоос сэргийлэх  “Угийн бичиг” хөтлөх асуудлыг иргэдэд ойлгомжтой, хүндрэл чирэгдэл багатай, цахим шийдлийг  ашиглах нь чухал. Түүнчлэн тогтоолын төслийн 6.1-ийг Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төсөлтэй уялдуулах шаардлагатай гэсэн санал хэлсэн. 

Ингээд “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 64,2 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нараас  өргөн мэдүүлсэн, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар тус тус танилцуулсан.

Төсөл санаачлагч гишүүн Б.Саранчимэг танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.” гэж, Арван зургадугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт “Соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална” гэж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.7 дахь заалтад “Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг байна” гэж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1 дүгээр зүйлийн 1.1.6 дахь заалтад “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж тус тус заасныг онцлов. 

Дэлхийн 100 гаруй улс оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд зарим улс орон энэхүү баярыг үндэсний баярын хэмжээнд хүндэтгэн дээдэлж, тэмдэглэсээр хэдэн зуун жилийг өнгөрөөснийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдаад манай улсын хувьд 2000 оны эхэн үеээс эхлэн зарим төрийн бус байгууллагууд өөрсдийн санаачилгаараа “Үндэсний номын баяр”-ыг олон янзын хэлбэрээр тэмдэглэж ирсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигаар “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг гаргаж жил бүрийн 09 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гаригт “Номын баярын өдөр” арга хэмжээ улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг гаргасан гэв.

Иргэдийн ном унших идэвх, санаачилгыг дэмжих, гэр бүл, байгууллагын номын сангийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн уншигчдыг төлөвшүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгч, бүтээл туурвигчдын оюуны хөдөлмөрийг бодитой үнэлэхэд дэмжлэг болох, ном уншлагыг дэмждэг хэвлэлийн компани, номын сан, ном сонирхогчдын клуб, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, номын үйлчилгээ, хүртээмжийг иргэдэд ойртуулах зорилгоор номын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг болохоор хуулийн төслийг боловсруулсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдсан. 

Хуулийн төсөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар хууль хэрэгжүүлэхтэй холбоотой ямар нэгэн зардал гарахгүй гэж байлаа.  

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд санал, дүгнэлтдээ онцолсон. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Х.Болорчулуун, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэлсний дараа Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62,1 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  

Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар  нар тус тус танилцуулав. 

Монголчууд 2021 онд хувьсгал хийж, үндэсний төр, засгаа дахин сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, үндэсний дэвшилд хүрэх их үйлсийг эхлүүлсэн нь ХХ зууны Монгол түмний гардан хийсэн түүхэн, онцлох үйл хэрэг болсон билээ. Иймээс Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монголын ард түмний хүсэл зориг, эв нэгдэл, хичээл зүтгэл, үйл хэргийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, энэхүү түүхэн үйл хэргийн төлөө ажил, амьдралаа зориулсан хүмүүсийг шагнаж урамшуулах, алдаршуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Монгол Улс 100 жилийн хугацаанд 1924 онд Анхдугаар үндсэн хуулиа баталж, гадаад орнуудад тусгаар улс гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрүүлж, 1945 онд улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулж, 1961 онд Нэгдсэн Үндэстний байгууллагад гишүүнээр элссэн. Үүний зэрэгцээ ард түмний эрүүл мэндийг хамгаалах, боловсрол, соёл, шинжлэх ухаан, төв суурин газрын хөгжил, газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуй, үйлдвэржилтийн томоохон бүтээн байгуулалтыг бий болгосон. Мөн 1992 онд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хувийн өмчийг зөвшөөрсөн, Ардчилсан Үндсэн хуулиа баталсан гэдгийг санал, дүгнэлтэд тэмдэглэснийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар онцлоод, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг дурдав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Х.Болорчулуун, С.Чинзориг, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгохыг дэмжиж байгаа ч цаашдаа тэмдэглэлт ойн медаль гаргах, олгох шалгуурыг тодорхой болгох шаардлагатай. Учир нь шагнал, медаль олгох явдал хэт хавгайрах нөхцөл бүрдэж байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Х.Болорчулуун нар Засгийн газраас улсын баяр наадмыг цахимаар зохион байгуулахыг дэмжиж байгаа ч, ногоон бүсэд байгаа сум, орон нутагт халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангаад баяр наадмыг нь тэмдэглэх боломж, бололцоог нь нээж өгөх асуудлыг эргэн харах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

Ингээд “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуралдааны төгсгөлд  Засгийн газраас 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15.1-д заасны дагуу Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссан тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 159 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, хуулийн төсөлд Ажил олгогч ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах, ашиглахад тавигдах нийтлэг шаардлага, Ажилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журам, Ажилтан мэдээллээ хамгаалуулах эрхийг тусгасан агуулгатай 44, 45, 46 дугаар зүйлийг тус тус нэмэхээр болов.

Түүнчлэн төсөлд Хөдөлмөрийн гэрээ, түүнд өөрчлөлт оруулах, Ажил байдлын тодорхойлолт авах харилцааг зохицуулсан 47, 49, 51, 52 дугаар зүйлийг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тодруулбал, төслийн 49 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээний нөхцөлд ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил үүрэг гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг агуулгыг тусгасан байв. Мөн ажил, амралтын цаг, цалин хөлс олгох журам, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл, хөдөлмөрийн сахилга, гомдол гаргах журам, ажлын байранд тавигдах ур, чадвар, чадамжийн шаардлага, талууд харилцан тохиролцсон бусад нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд нэмж зохицуулсан агуулгыг тусгахын зэрэгцээ ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах эсхүл, эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээг дагалдах тусгайлсан гэрээ байгуулж болох агуулгыг тусгасан байв.

Ажлын хэсгээс  хуулийн төсөлд Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг, Ажилтны нууц хадгалах үүрэг, Ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг зохицуулсан  агуулга бүхий  73, 74, 75 дугаар зүйлийг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Мөн хуулийн төсөлд “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэсэн 101 дүгээр зүйл,   “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.” гэсэн 128 дугаар зүйл, “Жирэмсэн, хөхүүл, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно.” гэсэн 140 дүгээр зүйлийг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар төслийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалтыг “байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн тогтоож мөрдүүлэх” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг Нийгмийн бодлогын байнгын хороо дэмжээгүй аж. Иймд Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59,6 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд 23 дугаар зүйлийн 23.1.14 буюу “Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан дагалдангаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлөх.” гэсэн заалт, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “1 дүгээр зүйлд “48.2.Энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан Төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна.” гэсэн хэсэг, “Төрийн албан хаагчийн ажилласан хугацааг харгалзан үндсэн амралтын 20 ажлын өдөр дээр дараах нэмэгдэл амралт олгоно, 20 жилд ажлын 2 өдөр,  25 жилд ажлын 4 өдөр, 31 жилд ажлын 6 өдөр, 32 түүнээс дээш жилд ажлын 9 өдөр.” гэсэн зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусах хүртэл чуулганы хуралдааны цагийг сунгахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Пүрэв гарагийн хуралдаан 22 цаг 40 минутад өндөрлөв. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.