Цаг үеийн мэдээ

Улсын Дээд шүүхэд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр/06.18/ эхэллээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1466 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 329 дүгээр магадлалтай, Б.Ундармаад холбогдох 8 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэж байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 буюу “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсний дагуу 2,6 жилийн хорих ял оноосон.

Харин давж заалдах шатны шүүх ялыг хөнгөрүүлэн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.