Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар өнөөдөр /2021.06.18/ ХБНГУ-ын Уулын явган цэргийн 23 дугаар бригадын Сургалтын хөдөлгөөнт бүлгийн дарга, дэд хурандаа Ё.Швеглерийг хүлээн авч уулзаж, уулын явган цэргийн хамтарсан сургалт, дадлагын талаар ярилцлаа. Уулзалтаар талууд энэ жилийн сургалт, дадлагын онцлог, явагдах цаг хугацаа, хамрагдах бүрэлдэхүүний талаар санал солилцож, зохион байгуулагдах газар районы талаар байр сууриа нэгтгэсэн юм. Монгол Улсын Зэвсэгт хүчин, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Уулын явган цэргийн анхан шатны сургалт” 2019 онд, “Уулын явган цэргийн дунд шатны сургалт” 2020 онд зохион байгуулагдсан бөгөөд энэ онд сургалт, дадлагаа өмнөх жилүүдээс ахисан түвшинд буюу уулархаг газар районд үүрэг гүйцэтгэхэд чиглэх ажээ. Сургалт, дадлага уламжлал ёсоор Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийг түшиглэн явагдана.