Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар хариуцагчтай, тус намын тамганы асуудлаарх маргааны урьдчилсан шатны хэлэлцүүлэг эхэлсэн ч тодорхойгүй хугацаагаар  хойшиллоо. Учир нь С.Эрдэнэ нарын талаас хурлын эхэнд процедурын шинжтэй нийт 6 хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээж авах боломжгүй гэж үзэн хангахаас татгалзсан байна. Гэтэл тэд хүсэлтийг нь хүлээж аваагүй тул дээд шатанд гомдол гаргана гэсний улмаас шүүх хуралд цааш үргэлжлэхгүй хойшилжээ. 

Анх энэ оны  хоёрдугаар сард Захиргааны шүүхээс иргэн С.Эрдэнэд Ардчилсан намын тамганы хяналтын дугаар олгож шинээр тамга хийлгэх боломж олгосон УБЕГ-ын байцаагч Д.Чинтулгын шийдвэрийг түдгэлзүүлж С.Эрдэнийн тамганы үйлчлэлийг зогсоогоод байсан. Уг асуудлаар С.Эрдэнэ нар гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхээс хянан шийдвэрлэхээр шийдсэний дагуу ийнхүү Ардчилсан намын тамганы гэх хэрэг Захиргааны хэргийн шүүхэд дахин хэлэлцэгдэж эхлэх болсон юм. 

Тиймээс С.Эрдэнэд байгаа намын тамга хүчинтэй гэж шүүхээр тогтоосон асуудал одоог хүртэл байхгүй харин О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын хуучин тамга хэвээр ашиглагдсаар байна.

 

Эх сурвалж: АН

Таны сурталчилгаа