Цаг үеийн мэдээ

Коронавируст халдварыг хохирол багатай даван туулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд гарч байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх зорилгоор ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрчимт эмчилгээний мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллалаа.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрчимт эмчилгээний мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн М.Наранпүрэв нар тус эмнэлгийн коронавируст халдварын эмнэлгийн тусламжийн бэлэн байдал, хариу арга хэмжээний зохион байгуулалттай танилцаж, эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байгаа хүнийн нөөцийн нөхцөл байдал, эмчлэгдэж байгаа иргэдийн эмчилгээ, оношилгооны талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн санал солилцлоо.