Цаг үеийн мэдээ

         Сүүлийн нэг сар гаруй хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд түгээсэн зөв хандлагатай, түгээмэл ач холбогдолтой эерэг мэдээллийн нэг нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцын гаргасан амжилтын талаарх мэдээлэл байсан бөгөөд түүний санаачлан хэрэгжүүлсэн хэт холын зайн гүйлтийн амжилт нь иргэд, хүүхэд, залуучуудад бодит үлгэрлэл болсоор байна.

           Тиймээс ч Зэвсэгт хүчний Жанжин штабын цахим сайт болон фэйсвүүк хуудаснаа энэ талаарх мэдээлэл давамгайлсан ба түүнийг энэ оны 6 дугаар сарын 2-ны өдөр Ховд аймгийн төвөөс гараандаа гарснаас хойших гүйлтийн явцын мэдээ, түүнийг зам зуур тосож, хүндэтгэн үдэж байсан аймаг, орон нутгийн удирдлага, иргэд, хүүхэд, залуучууд, цэргийн алба хаагчдын үйл ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллагуудаас хүндэтгэл үзүүлсэн талаарх мэдээ, мэдээлэл цахим орчинд 46 хоногийн турш өрсөн нь үнэн билээ. 

            Ахлах ахлагч Э.Даваажамц нь энэ сарын 17-ны өдөр нийт 2127 км замыг туулан Дорнод аймгийн төвд хүрэлцэн очсоноор өөрийн зорилгоо бүрэн хангаж, монгол хүмүүн, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлын бодит жишээг бэлхнээ харуулж чадсанд бид бахархал дүүрэн хандаж байна.

Түүнийг 7 дугаар сарын 6-ны өдөр нийслэл хотноо хүрэлцэн ирэх үед Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөл угтан ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулсан нь саяхан мэт. 

       Харин энэ удаа ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг өөрийн тэсвэр хатуужлаар бусдыгаа үлгэрлэн цэргийн алба хаагчийн манлайллыг өндөрт өргөж чадсан ахлах ахлагч Э.Даваажамцыг багийн гишүүдийнх нь хамтаар албаны өрөөндөө хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр тэр бээр Батлан хамгаалахын сайдын тушаалаар ахлах ахлагч Э.Даваажамцыг “Дайчин алдар-III” медалиар шагнасныг нь гардуулан өгч, ЗХЖШ-ын даргын тушаалаар дурсгалын сэлмээр шагнасан бөгөөд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс цугларсан хандивын мөнгийг хүлээлгэн өгсөн юм.

            Шагнал гардуулах үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ “Хүн бүр өөрийн зорилготой амьдардаг. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөр, шавхагдашгүй тэвчээр гаргадгийг ахлах ахлагч Э.Даваажамц үлгэрлэн харууллаа. Аливаа ажлыг дэмжих сайхан, гэхдээ тэрхүү үйл ажиллагаа өрнөж байх мөч бүрд удирдагч хүний сэтгэл санаа байнга зовниж, үргэлж “түгшүүртэй” байдаг нь нууц биш. Харин уг ажил нь бодит биелэл болж үр дүнд хүрсний дараа л бидний сэтгэл тайвширч баярлаж, бахдах сэтгэл төрдөг юм. Энэ олон хоногийн турш түүнийг дагалдаж, ар талыг нь найдвартай хангасан Э.Даваажамцын гэр бүлийнхэнд нь талархал илэрхийлье” гэдгийг онцоллоо. Мөн цаашид энэхүү гүйлтийн туршлагаа судлан судалгаа хийх нь зүйтэй. Ирээдүйн зорилгоо зөв тодорхойлж, салбартаа төдийгүй хувийн амьдралдаа улам их амжилт гаргаарай. Таны хувьд аливаад тууштай байх аваас бүх хаалга нээлттэй шүү. Гагцхүү аархаж, омогшиж болохгүй, гол нь нийгэмдээ, хамт олондоо идэвхтэй манлайлагч нь байгаарай гэдгийг захилаа.

            Мөн монгол агуулгатай, дэлхийд хүндлэгдсэн чанартай бүтээгдсэн өв болон үлдэх үнэн цэнийг хэрэглэгч танаа өргөн барих уриа бүхий “Таван нүдэн” брэндийг үүсгэн байгуулагч, “МИНПРО” ХХК-ийн захирал Б.Батзаяа хүрэлцэн ирж ахлах ахлагч Э.Даваажамцад “МONGOL ARMY” цаг болон хүзүүний зүүлтийг дурсгасан юм. Энэ үеэр тус компанийн захирал Б.Батзаяа “Монгол эр хүн бүр цэргийн үүрэгтэн байж Мөнх хөх тэнгэр, Бүх цэргийн Их хар сүлдэн дор нэгдэн Их Монгол Улсын сүр хүчийг дэлхий дахинаа тунхаглаж, өнөөгийн даяаршсан ертөнцийн эх суурийг тавилцсан. Монгол цэргийн яруу алдар, сүр хүч их. Миний хувьд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бөгөөд цэргийн алба хаагч бүхэн бие бялдрын болон сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байдгийн зэрэгцээ тэдэнд асар их боломж, нөөц, байдгийг мэдэрдгийн хувьд энэ удаа тэрхүү чанарыг ахлах ахлагч Э.Даваажамцаас олж харлаа. Түүний гаргасан амжилтыг цэргийн алба хаагч бүр давтаж болох юм. Гэхдээ бусдаас түрүүлэн санаачилж, зориглон бодит үр дүн гаргасан нь түүний онцлог, ялгарах шинж байлаа. Эрхэм дүүд талархаж байна” гэв.

 Хурандаа Б.ОТГОНБАЯР, дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ