Цаг үеийн мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр /2021.07.26/ боллоо. Хуралдаанд Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан болон тус зөвлөлийн гишүүд, Нийслэлийн онцгой комиссын гишүүд цахимаар оролцов. 

“Сүүлийн хоёр жил шахам хугацаанд дэлхий нийтээрээ Коронавируст халдвар (Ковид-19) цар тахалтай тэмцэж буй. Цар тахлын сөрөг нөлөө хүний эрүүл мэндээс гадна эдийн засаг, нийгэм, соёл боловсролын хүндхэн сорилт авчирж, ихээхэн хохирол учруулаад байна. Мөн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, аливаа байгалийн аюулт үзэгдэл, хүний хүчин зүйлээс шалтгаалсан ослоос иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх нь Үндсэн хуулиар хүлээсэн төрийн үүргийн нэг мөн. Иймд аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үр дүнд хичнээн эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан бэ гэдгээр Үндэсний зөвлөлийн ажлын үзүүлэлт, үр дүн хэмжигдэх болно” гэдгийг тус зөвлөлийн орлогч дарга, Шадар сайд С.Амарсайхан хэллээ. 

Зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийг хянах автомат таван станц, газар хөдлөлтийг бүртгэх шинэ таван станц, амжиж анхааруулах системийн сэлбэг хэрэгслийг бүрдүүлэх зардлыг 2022 оны улсын төсөвт тусгахаар болов. Түүнчлэн улсын хэмжээнд байгаа 2002 оноос өмнөх барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан барилга байгууламжийг буулгах, шинээр барих барилга байгууламжийг хүчитгэх үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэхийг үүрэг болгосон юм. Хуралдаанаас мөн нийслэл болон үерийн эрсдэл өндөр аймгуудад үерт тэсвэртэй барилга байгууламж, авто зам, төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх, ус зайлуулах далан, суваг, шуудууг шинэчлэх, шинээр байгуулахыг холбогдох албаныханд даалгалаа. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ