Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийж, Токиогийн Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцоод буцах замдаа БНСУ-аар дамжин өнгөрч байна. Тэрээр БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй өнөөдөр ажлын уулзалт хийв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "гуравдагч хөрш" БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж ахиулах, цар тахлын нөхцөл байдал намжмагц дээд, өндөр түвшинд харилцан айлчлалын давтамжаа нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг шинэ түвшинд гаргахын төлөө байгаагаа илэрхийлж томоохон төсөл хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Талууд “КОВИД-19” цар тахлын өнөөгийн хүнд нөхцөл байдалд нягт хамтын ажиллагаа нэн чухал байгаад санал нэгдэж, цар тахлыг даван туулахад чиглэсэн мэдлэг, туршлага, мэдээллээ хуваалцах тал дээр илүү нягт хамтран ажиллахаар ярилцав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед иргэдээ татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэх, цар тахалтай тэмцэх зэрэг чиглэлд БНСУ-ын Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд иргэдийн солилцоог дэмжих чиглэлд цаашид ч нягт хамтран ажиллахаа тэмдэглэв. Мөн цар тахлын үед БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийг вакцинжуулалтад хамруулахад БНСУ-ын Засгийн газраас дэмжлэг хүслээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулж, эмчилгээнд ямар эм хэрэглэж, эдийн засгийн цаашдын төлөв байдлыг хэрхэн харж,  “КОВИД-19” цар тахлын дараа ард иргэдийг аль болох түргэн энгийн амьдралд эргэн оруулах чиглэлд БНСУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар сонирхож мэдээлэл авав. БНСУ дахь дельта вирусын тархалт, вакцины дархлаажуулалтын үр нөлөө, эмийн хэрэглээний талаар мөн хөндөж асуув.

Ерөнхий сайд Ким Бү Гём Монголын ард түмэнд Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэндийг хүргээд Монгол оронд 6 жилийн өмнө очиж тэнгэрийн од харж, байгалийн үзэсгэлэнт тал нутагтай танилцаж байсан дурсамжаасаа хуваалцсан юм. Тэрээр Монголын тал нутаг, үзэсгэлэнт байгалийг солонгос жуулчид олноороо очиж үзээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Ким Бү Гём БНСУ-ын талаас дэвшүүлсэн Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга болон Шинэ Умардын бодлогыг Монголын Засгийн газар дэмжиж байгаад талархал илэрхийлээд цаашид бүс нутгийн болон хоёр талын халдвар хамгаалал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, зам тээвэр, эрчим хүч, логистикийн зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын дэвшүүлсэн бүс нутгийн санаачилгын хүрээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа талаараа мөн санал солилцов.

Хоёр тал олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ялангуяа Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ЭКСИМ банкны ерөнхийлөгч болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын корпорацуудын төлөөлөлтэй мөн уулзах юм.