Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2021-08-19/ аймгийн Шуурхай штаб хуралдаж мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хүргэлээ.  

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторит мутацид өөрчлөлт илрүүлэх, вирусийн дельта хувилбар тодорхойлох шинжилгээг хийж эхэлсэн байна. Завхан аймгаас 30 сорьц илгээснээс түүвэрчилсэн байдлаар эхний 10 сорьцонд шинжилгээ хийхэд 7 нь дельта хувилбар болох нь батлагджээ. Одоогоор Улиастай сумын 6, Цэцэн-Уул сумын 1 иргэн дельта вирусээр өвчилсөн байна. Дээрх 7 иргэний ойрын хавьтал болох 67 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагджээ. 

Тандалт судалгааны багийн тооцооллоор дельта хувилбарын эхний тохиолдол 7-р сарын 20-ны үеэр орж ирсэн бөгөөд дэгдэлтийн оргил үе, хүндрэлийн шат ирэх долоо хоногоос эхэлнэ. Мөн нийт өвчлөлийн 40-өөс дээш хувь нь дельта хувилбар байх магадлалтай гэв. 

Иймд яаралтай “Шинжилгээний цэг” байгуулах, нэмэлт оруудыг бэлтгэх, эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөөнд тодотгол оруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо. 

Ард иргэд та бүхэн олон хүн цугларсан газраар аль болох явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг онцгойлон анхааруулж байна. 

 ЗАВХАН АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ