Цаг үеийн мэдээ

Монгол дахь Комекс холбоо нь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний тэгш хүртээмжийг хангах зорилгоор 10 гаруй жилийн турш төрөл бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн. Тэд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 33 -р хороо дүүрэгт 3D принтерийн сургалтын төвийг ашиглалтад орууллаа. “Makerspace Мэдээллийн технологи, тоног төхөөрөмж хөгжүүлэх туршилтын төв” нь хотын захын хүүхдүүдийг орчин үеийн техник технологитой танилцуулж, тэдний бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготой. Тус төвөөр дан ганц хүүхэд гэлтгүй гэртээ хүүхдээ хараад сууж буй ээжүүд, техник технологид сонирхолтой хүн бүрт нээлттэй бөгөөд сургалт үнэ төлбөргүй явагдахаараа онцлогтой ажээ. Комекс нийгэмлэгийн захирал Лим Хан Ку хэлэхдээ, хэдийгээр Монгол нь Солонгос, АНУ зэрэг орнуудтай харьцуулахад жижигхэн зах зээлтэй гэсэн ч Монголчууд бүтээлч сэтгэлгээ сайтай учраас энд хийсэн бүтээгдэхүүнээ төсөл болгож хөгжүүлэхэд  таатай орчныг бүрдүүлж мэргэжлийн сургалтыг эхлүүлэх нь тохиромжтой гэсэн юм. 

Комекс нийгэмлэгийн бүсийн захирал Лим Ханг Кү: "Солонгос Америк гэх мэт улсуудыг том зах зээлтэй харьцуулахад Монгол бол маш жижиг зах зээлтэй орон юм. Тийм учраас том үйлдвэр бариад үйл ажиллагаа эхлэх нь хэцүү. Харин жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж олон төрлийн бүтээгдэхүүн гарвал дээр юм болов уу гэж би анх бодсон. Тэгээд аж үйлдвэрлэлийн 4 дүгээр хувьсгалын үе одоо ирж байгаа учраас 3Д принтерийг ашиглан бүтээгдэхүүн хийх санаа төрсөн. Монгол хүмүүсийн бүтээлч сэтгэлгээ сайн болохыг би энд амьдрах явцдаа мэдсэн. Тиймээс “шинэ санаа” -г 3 д принтерээр хэвлэж олон төрлийн бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхэд мэргэжлийн сургалт явуулах нь тохиромжтой гэж бодсон"

33 дугаар хорооны засаг дарга М.Тэмүгэ: "Сургалтад хамрагдах хүүхдүүдийн хувьд компьютер дээр ажиллах чадвартай 10 дээш настай байх хэрэгтэй. Энэхүү сургалтад тухайн хороонд амьдардаг зорилтод бүлгийн хүүхдүүд, гэртээ хүүхдээ өсгөж байгаа ээжүүдийг нэмж сургахаар төлөвлөж байгаа. Өнөөдрөөс эхлэн манай хорооны 122 дугаар сургуулийн насны 10 дээш насны хүүхдүүдийг сургуулийн захирал, мэдээлэл технологийн багштай хамтарч танхмын сургалтад хамруулж эхлээд байна. Бид ковидын үед хичээлэх журмынхаа дагуу хүн хоорондын зайгаа баримталж сургалтаа явуулж байна"

122 дугаар сургуулийн сурагч А.Тэмүүлэн: "3Д принтер дээр ажиллаж сурахад эхэндээ хэцүү ч гэсэн сурчих юм бол их амархан. Би 7 хоногийн дотор эдгээрийг хийсэн (бүтээлээ харуулав) Бүтээлээ хийх бүртээ тохиргоогоо хийдэг болохоор олон удаа бүтэлгүйтсэн. Энэ хугацаанд би  4-5 бүтээл хийсэн. Утас болон компютерийн тоглоомуудад сонирхолтой болохоор тоглоомон дээр байдаг эд зүйлсээ хийсэн" гэлээ. 

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг