Цаг үеийн мэдээ

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран зохион байгуулж буй “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалт, дадлага сургууль техникийн болон онолын сургалтууд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ удаагийн “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан дадлага, сургууль нь Монгол Улсад 2009 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийн үргэлжлэл бөгөөд 10 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг Монгол Улсад тохиолддог өндөр эрсдэлтэй газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, төмөр замын болон уул уурхайн осол бусад гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулахаар зохион байгуулж байв. Мөн гамшгаас хамгаалах үүрэг бүхий томилгоот бүрэлдэхүүн болон аврагч, гал сөнөөгч, удирдах ажилтнуудыг сургаж дадлагажуулах, гадаад улс орны ижил төстэй мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хэлбэрээр 2009 онд анх удаа зохион байгуулж байсан юм.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар