Цаг үеийн мэдээ

БНАСАУ хэдхэн минутын зайтай Япон тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан талаар Японы эргийн хамгаалалтын алба мэдээлжээ.

Тус албанаас мэдээлж буйгаар, пуужингууд Японы усан нутаг дэвсгэр, эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ. БНАСАУ баллистик пуужин харвасан гэж эрх баригчид үзэж байна гэж тус улсын Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

Японы Батлан хамгаалах яам мөн пуужин харвасныг баталсан бөгөөд мэдээлэл цуглуулж байгаа аж. Пёньяны энэхүү үйлдэл нь "олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд ноцтой асуудал юм" гэж тус яам мэдэгджээ.

БНАСАУ энэ сарын 11, 12-ны өдрүүдэд алсын тусгалтай далавчит пуужин туршсан тухай Солонгосын цахилгааны мэдээний төв агентлаг даваа гарагт мэдээлсэн билээ. Тус агентлагийн мэдээлснээр, туршилт амжилттай болж, пуужин 1500 км-ийн зайд буй байд оновчтой туссан байна.