Халдварын тоо нэмэгдэж хэвтэн эмчлүүлэгсдэд орны хүрэлцээ муу байгаа энэ үед Баянзүрх дүүргийн зүгээс орны тоог нэмэгдүүлж 50 ортой эмнэлэгийг яаралтай ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. 

Харин энэ ажилд Баянзүрх дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны 28 хорооны гишүүдийн төлөөлөл болсон залуус нэгдэж Дарь-Эхэд байршилтай дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар 50 ортой эмнэлгийн бэлтгэл ажилд хамт олон найз нөхдөө уриалан сайн дураар ажиллаж байна. 

Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн хүрэлцээ, хүн хүч дутуу байгаа энэ үед залуучууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн бололцоондоо тулгуурлан тус эмнэлэгт ор угсрах, зөөх, цэвэрлэгээ хийх зэргээр туслаж байгаа юм.  

Шинээр байгуулагдаж байгаа эмнэлэг хурдан ашиглалтад орж иргэддээ үйлчлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаад баяртай байгаа талаар залуус хэлж байлаа. 

Залуус өмнө нь дүүргээс зохион байгуулсан “Баянзүрх дүүрэг хоггүй бол гоё” аянд нэгдэж, Короновирусийн тархалтын хүнд цаг үед хариу арга хэмжээний багынханд аарц түгээх, нүүрс шуудайлах гэх мэт нийгмийн сайн сайхны төлөө олон ажлыг өрнүүлсэн юм. 

Таны сурталчилгаа