Цаг үеийн мэдээ

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас хэрэгжүүлж буй Харвард Бизнесийн сургуулийн  (Харвардын Менежер-Ментор) Монгол дахь хөтөлбөрийн анхны төгсөлт боллоо. Дэлхийн нэртэй эксперт, манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, сэтгэлгээ, судалгаа, практикаар батлагдсан энэхүү менежментийн сургалт нь  Өөрийгөө удирдах, Бусдыг удирдах, Бизнес удирдах гэсэн үндсэн 3 хэсэгтэй, нийт 41 модуль сэдэвтэй, 4 сарын хугацаанд үргэлжилдэг, онлайнд суурилсан, сүүлийн 20 гаруй жилд тасралтгүй шинэчлэгдэж байгаа сургалтын цогц платформ юм. 

Тухайлбал Карьер, стресс, цагийн менежмент, Зорилгоо тодорхойлох, Өөрчлөлтийн менежмент, Бусдыг удирдах, Багийн менежмент, Төсөв боловсруулах, Бизнес төлөвлөгөө, Санхүүгийн үндэс, Инноваци, Бүтээлч байдал, Маркетинг, Гүйцэтгэл, Стратегийн гүйцэтгэл зэрэг хичээлүүдтэй бөгөөд сэдэв тус бүр дээр дэлхийн шилдэг компаниудын асуудлыг шийдэх кейс бүхий, ажилдаа шууд хэрэгжүүлж болох бизнесийн загваруудтай, санаа сэдэл авах бодит хүмүүсийн видео бичлэгүүдтэй. Мөн бүх хичээл нь монгол багш нарын чиглүүлэгтэй явдагаараа онцлогтой. 

Дэлхийн шилдэг боловсролыг эх орондоо, эх хэлээрээ эзэмшиж, монгол менежерүүдэд манлайллын ур чадвар, карьераа өсгөх боломж олгож байгаа энэхүү хөтөлбөрийн анхны курсыг 80 орчим компанийн 90 гаруй менежер, дунд, түүнээс дээш шатны удирдлагууд төгсч Харвард Бизнес Паблишингийн сертификатыг гардан авлаа.

Хөтөлбөрийн дараагийн үе шат 2021 оны 10 дугаар сарын 1-нд эхлэх юм.