Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж улаан бүсэд ажиллав. Ковид-19 өвчний тархалт өндөр байгаа энэ үед зэрэгцэн хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн ханиад томуу нэмэгдэж байгаа. Баянзүрх эмнэлгийн амбулаторийн үзлэгээр өдөрт 100-200 хүүхэд үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн хүүхдийн тасагт 60 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Баянзүрх эмнэлэг нийт 450 ортой, үүнээс ковидийн 200 ор дэлгэж эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Үлдсэн орон дээрээ үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа юм. Ковид-19 өвчний 200 орон дээрээ байнга дүүргэлттэй ажиллаж байгаа гэнэ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар тус эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг сонсож эмнэлгийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Тус эмнэлгийн хувьд хүний нөөц дутагдалтай байгааг Хүүхдийн тасгийн эрхлэгч Б.Батцэцэг хэлж байлаа. Эмч ажилчид өвдөж, орлон ажиллах боловсон хүчний нөөцгүй болж байгаа нь хамгийн том тулгамдсан асуудал болж буй талаараа эмнэлгийн удирдлага танилцууллаа.

Үүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд БЗД-ийн 5-р хорооны Өрхийн эмнэлэгт ажиллалаа. Тус өрхийн эмнэлэг нь нийт 25 ажилчинтай. Үүнээс өнөөдрийн байдлаар 9 хүн ажиллаж байна. Бусад эмнэлгийн ажилчид нь халдвар авч гэрээсээ ажиллаж байгаа гэв. Эмч эмнэлгийн ажилчид нь сайн дурын ажилтан нартайгаа хуваагдан үзлэг, тандалт, эм тараах зэрэг ажлаа амжуулж байгаа гэнэ.

Өрхийн эмч М.Өнөрцэцэг өглөө 8 цагаас гарч ковид-19 өвчтэй гэрээр буй иргэдийг үзэж 17 цагийн байдлаар 69 дэх айлаараа ороод явж байхтай таарав. Өрхийн эмнэлгийн эмч нар ачаалал ихтэй, бүх боломжоороо ажиллаж байна. Тэдэнд тулгарч буй гол асуудал нь архаг суурь өвчтэй, жирэмсэн, өндөр настай хүмүүс ковид-19 өвчнөөр өвдсөн даруйд нь эмнэлэгт хэвтүүлэх гэхээр орны хүлээгдэлд ордог гэдгээ хэлж байлаа. Орны эргэлтийг сайжруулах, хөнгөн өвчтөнг аль болох гэрээр эмчлэх гэх мэт зохицуулалтыг авч ажиллаж байгаа талаараа холбогдох хүмүүс тайлбарлалаа.