Цаг үеийн мэдээ

Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболд нар Баянзүрх дүүргийн өрхийн эмнэлэгт ажиллаж байна. Энэ үеэр НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболд өчигдөр жирэмсэн эхийг эмнэлэг хүлээн аваагүй буцаасан гэх асуудалд тайлбар өглөө. 

Тэрээр: "Энэ үйл явдал өчигдөр орой 19.20 цагт болсон явдал. Чингэлтэй дүүргийн тандалтын баг 8 сартай жирэмсэн ээжийг Өргөө амаржих газарт авч ирсэн. Жирэмсэн ээжийг яаралтай тусламжаар авч ирэхдээ эрэмбэлээд, үнэлээд, түргэвчилсэн тест тавиад, ковидын шинж тэмдэг илрээд ирсэн байсан. Энэ иргэнийг яаралтай тусламж дээр үзээд орны хүрэлцээ байхгүй учраас даваа гарагт хэвтүүлье, биеийн байдал хөнгөн байна, жоохон тонус өгсөн байна гээд тухайн жирэмсэн ээжийг буцаасан. 

Харин яг энэ цаг үетэй давхцаад Чингэлтэй дүүргийн эмнэлэгт 10 хоног хэвтээд эдгэсэн эмэгтэй тухайн цаг үед цус алдаад 1 дүгээр төрх дээр ирсэн.  Яаралтай тусламж цус алдсан иргэнд 1 литр шингэн сэлбээд эмнэлгийн тусламжийг үзүүлээд тухайн иргэнийг Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү хэвтүүлсэн байгаа. 

1 дүгээр төрх дээр 1 иргэн нь жирэмсэн, 1 иргэн нь эмэгтэйчүүдийн асуудлаар яаралтай тусламж авах гэж хандсан ийм 2 асуудал яг зэрэг болсон.

Жирэмсэн эх тухайн цаг үед шууд эмнэлэгт хэвтүүлсэнгүй гээд хэвлэл олон нийтийн хэрэгсэлд хандаж, шууд дамжуулалт хийсэн ийм асуудал болсон. 

Миний хувьд мэдээлэл аваад 23.30 цагт очиход үйл явдал болоод өрнөсөн байсан. 

Ингээд Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг болон орлогч дарга, тухайн ээлжинд ажиллаж байсан эмчийг дуудаад тухайн иргэнд хэрхэн тусламж үзүүлсэн зэрэг мэдээллийг авч репорт бэлтгэсэн. Энэ асуудлыг олон нийтийн хэрэгслээр хараахан мэдээлж амжаагүй, одоо ингээд мэдээлж байна" гэлээ.