Цаг үеийн мэдээ

Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр: " 7,8 сард ОХУ-аас АИ95, АИ98 автобензиныг манай улсад нийлүүлээгүй. Үүнийг бид БНХАУ-аас авсан. ОХУ-ын Эрчим хүчний яамнаас экспортын хориг тавих магадлалтай байна гэдгийг Гадаад харилцааны яамаар дамжуулж өгч байсан. Үүний дагуу бид ОХУ-ын Роснефть компанитай уулзалт зохион байгуулах хүсэлтээ 8 сарын эхээр тавьсан. Ингээд 8 сарын сүүлээр тухайн уулзалтад оролцох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллийн нэрсийг явуулсан. Үүний дагуу 9 сарын 3-нд ОХУ-ын Роснефть компаний дэд Ерөнхийлөгч Каримын зүгээс урилгыг ирүүлсэн. Уулзалтыг 9 сарын дундуур хийе гэдэг төлөвлөлөөг өгсөн. Ингээд 9 сарын дундуур манай төлөөллүүд болох УУХҮЯ, АМГТГ, импортлогч аж ахуйн нэгжүүд тухайн уулзалтад яваад сая захиалгынхаа тоо хэмжээг аваад ирж байна. 

Төрийн байгууллага бол бүх ажлыг цаг тухай бүрт нь төлөвлөн хийдэг. Төрийн байгууллагын зүгээс ямар нэгэн асуудал мэдээг цаг тухайд бүрт цахим орчинд мэдээлээд байх шаардлага байхгүй. Хийх  ёстой ажлуудаа хийгээд л явна. Сая хүмүүс ОХУ-д очиж уулзсан, бүтээгдэхүүн ирж байгаа ажлууд бол гэнэт хүмүүс явж уулзаад авчихдаг ч зүйл биш юм. 2 сарын өмнөөс энэ уулзалтыг төлөвлөнө. Уулзалтаар ямар ямар асуудал хэлэлцэхээ хүртэл 2 талаас баталж явуулна. Ингээд манай явсан төлөөлөл уулзалтдаа амжилттай оролцоод бүтээгдэхүүн орж ирж байна. 

ОХУ-ын Роснефть компанийн зүгээс 8 сарын сүүлээр 9 сарын бүтээгдэхүүнээ 50 хувь хэмжээнд хүргэж чадахгүй байна. Ойролцоогоор 17-18 мянган тонныг л өгөхөөр байна гэдгийг мэдэгдэж байсан.  Үүний дагуу аж ахуй нэгж компаниудыг БНХАУ-аас импортоор авч байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг тавьсны дагуу компаниуд 9 сарын худалдан авалтаа БНХАУ-аас нэмэгдүүлсэн. Харамсалтай нь БНХАУ-ын төмөр замын дотоодын тээврийн асуудал хүнд, манай ачаа барааг тээвэрлэх нөхцөл байдлыг шийдвэрлэж чадахгүй нөхцөл байдал зэргүүдээс саяны гацалтууд үүссэн. АМГТГ-аас шатахууны хомсдол үүсэх нь гэдгийг тооцоолоод арга хэмжээнүүдийг авч байсан. 

Бид Монгол улсын ихдээ 30 хоногийн нөөцийг бүрдүүлэх ёстой байдаг. Ингээд нөөцийн хэмжээ багассаар байгаад энэ 7 хоногийн сүүлээр улсын хэмжээнд арван хэд хоногийн нөөцрүү ороод ирсэн. Өнөөдөр бид 7 хоногийн хугацаанд гаднаас 1 тонн ч бензин орж ирэхгүй дотоодод байгаа шатахууны нөөцөөр шатахуун түгээх станциуд борлуулалтаа хийгээд явж байгаа. Энийг тэр чигээр нь бид энгийн үе шигээ тавих юм бол тасалдалд орох асуудал үүсэх учраас зохион байгуулалтыг хийгээд явж байна. 

Ирэх 7 хоногоос дараагийн нөөцүүд орж ирж байгаа учраас бид аж ахуй нэгжүүдэд хэвийн үйл ажиллагаа явуулах чиглэлийг урьдчилж өгч арга хэмжээ авч ажиллаж байна" гэлээ.