Цаг үеийн мэдээ

Японд коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо буурч, эмнэлгийн ачаалал багасаж байгаатай холбоотойгоор онцгой байдлын дэглэмийг орон даяар цуцална гэж тус улсын Эдийн засгийн асуудал хариуцсан сайд Нишимүра Ясүтоши мэдэгдлээ.

Япон улсад сүүлийн зургаан сар орчмын турш тогтоосон онцгой байдлыг цуцлах гэж буй нь энэ юм. Гэхдээ халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд зоогийн газар, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд сар орчмын турш тодорхой хязгаарлалтууд тогтооно.

“Онцгой байдлын дэглэмийг цуцалсны дараа шинэ тохиолдлын тоо эргэлзээнгүй нэмэгдэнэ. Тиймээс бид урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн мөрдөх хэрэгтэй” гэж Коронавирустэй тэмцэх асуудал хариуцсан сайдын албыг давхар хашдаг Н.Ясүтоши мэдэгджээ. Түүнчлэн халдвар эрс нэмэгдвэл хагас өндөржүүлсэн бэлэн байдал тогтоохыг үгүйсгээгүй байна.

Одоогийн байдлаар онцгой байдал тогтоосон бүсэд зоогийн газруудыг оройн 20 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх шаардлага тавьж байгаа юм. Харин пүрэв гаргаас эхлэн 21 цаг хүртэл ажиллаж, согтуурах ундаагаар үйлчлэхийг зөвшөөрнө гэж Н.Ясүтоши мэдээлжээ.

Японд өнгөрсөн сарын турш өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо буурч, даваа гарагт 1128 хүнээс халдвар илэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Мөн хүн амын 60 орчим хувь нь вакцинд хамрагдаад байгаа бөгөөд Засгийн газар ирэх 11 дүгээр сар гэхэд вакцин хийлгэх хүсэлтэй бүх хүнийг вакцинжуулна гэдгээ мэдэгдээд байна.