Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Дархан хотын 60 жилийн ой тохиож байна. Энэ хотын анхны суурийн чулууг "Бурхантын хөндий"-д 1961 оны аравдугаар сарын 17-ны өдөр тавьсан түүхтэй. Хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Германы техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтай байгуулжээ. Мөн Японы техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтай Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг байгуулсан байна.

Социализмын жилүүдэд Найрамдлын Дархан нэртэй байсан энэ хот өдгөө Монголын аж үйлдвэрийн хоёр дахь том төв, Дархан-Уул аймгийн төв болсон.

2020 онд Дархан-Уул аймагт 103 580 оршин суугчтай байв. Хүн амын тоогоороо нийслэл хот болон  Хөвсгөлийн дараа орох гурав дахь том хот. Нийт хүн амын 64.5 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг ба нийт өрхийн 67.5 хувь нь орон сууцанд амьдардаг.

Улсын Их Хурлын 1994 оны 32 тоот тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон зохион байгуулсан, дөрвөн сумаас бүрддэг. (Дархан, Хонгор, Шарын гол, Орхон), 24 багтай болжээ.

Сэлэнгэ аймгийн сумуудтай хил залгаа оршдог Дархан хотыг шинэ Дархан, хуучин Дархан гэсэн 2 хэсэгт хуваадаг юм.

Газар зүйн байрлалын хувьд Дархан хот Орхон-Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог, далайн түвшнээс дээш 700 м-ийн өндөрт байрлалтай