Цаг үеийн мэдээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын амын 78.1 хувь нь коронавирусний вакцины хоёр тунд хамрагсан тухай НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээллээ. 

Коронавируст халдварын өдөрт илрэх тохиолдлын тоо нийслэлд багасаж байгаа ч хүнд болон хүндэвтэр хүмүүс, тэр дундаа амьсгалын аппарат шаардлагатай хүн нэмэгдэж байгааг тэрээр хурлын үеэр тодотгов. Өнөөдрийн байдлаар, эмнэлэгт 6 727 хүн хэвтэж байгаа бол 27 107 хүн гэрээр эмчлүүлж байна. 

Дархлаа сэргээх тун буюу вакцины нэмэлт тунд нийслэлийн иргэдийн 12.9 хувь нь хамрагджээ. Нэмэлт тунд хамрагдах иргэдийн идэвх сул байгаа тул явуулын баг ажиллуулж байгааг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хурлын үеэр мэдээлэв. Тухайлбал, оюутны байранд явуулын цэг ажиллуулсан бөгөөд, СУИС-ийн оюутнууд идэвхтэй вакцинд бүрэн хамрагдаад байгаа аж. 

Өнөөдрийн байдлаар, 12 байгууллагын 942, гэрээр 1509, хөгжлийн бэрхшээлтэй 541 хүнд явуулын багийнхан вакцин хийгээд байна. 

Улирлын томуугийн вакцины хувьд, нийт хүүхдүүдийн 98.7 хувь нь хамрагдаад буйг мэдээллийнхээ төгсгөлд тэмдэглэв. Мөн коронавируст халдвараар өвдсөн жирэмсэн эхчүүдийн тусламж, үйлчилгээнд онцгойлон анхаарч байгаа бөгөөд энэ сарын 15-ны байдлаар, 69 жирэмсэн эхэд халдвар илэрснээс 64-ийг нь хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж.