Цаг үеийн мэдээ

Дэлхийн аваргын чөлөөт, жүдо бөхийн тэмцээнд амжилт гаргасан хилчин тамирчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хил Хамгаалах Ерөнхий газар зохион байгуулагдлаа. Норвеги улсын нийслэл Осло хотод зохиогдсон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн хилийн 0208 дугаар тусгай салбар /”Хилчин” спорт хороо/-ны чөлөөт бөхийн тамирчин ОУХМ ахлах ахлагч Э.Даваачимэг, ОУХМ дэд ахлагч Э.Гантуяа нарыг “Онц хилчин” тэмдгээр, ОУХМ, дэд ахлагч М.Лхагвагэрэлийг “Хилчний алдар-III”, чөлөөт бөхийн дасгалжуулагч, дэслэгч Б.Батзоригийг “Хилчний алдар-I” тэмдгээр тус тус шагналаа. Мөн Унгар улсын нийслэл Будапешт хотод зургадугаар сард зохиогдсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 66кг жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Ё.Басхүүг “Хилчний алдар-III” тэмдгээр шагнаж урамшуулсан юм.