Цаг үеийн мэдээ

Статистик мэдээгээр  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох  зөрчил жил бүр өсөн нэмэгдэж байна.  Замын цагдаагийн газар  замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхэд байнга хяналт тавин ажиллаж байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлийг илрүүлэн согтуурлын хэмжээг тогтоосноор улс, нийгэм, иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, эд хөрөнгөнд учирч болох хор хохирлоос урьдчилан сэргийлж, таслан зогсоох үүргийг гүйцэтгэдэг бөгөөд энэ ажиллагаанд нь согтуурлын түвшин тогтоогч хэмжих хэрэгсэл зайлшгүй шаардлагатай байдаг.

Өнөөдрийн байдлаар  цагдаагийн байгууллагад ХБНГУ, БНСУ, БНХАУ, ОХУ-д үйлдвэрлэсэн согтууруулах ундаа, мансууруулах эм хэрэглэсэн эсэхийн түвшин тогтоогч хэмжих хэрэгслийг ашиглаж байгаа ба тэдгээрийн зарим нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тодорхойлох зориулалт бүхий тандалтын, нөгөө хэсэг нь  нь эрх зүйн дүгнэлт гаргахад ашигладаг хэмжих хэрэгслүүд байдаг.

Үүнд: ХБНГУ–ын “Drager” компанид үйлдвэрлэсэн, үйлчлүүлэгч иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох ALCOTEST 9510 загварын суурин,  ALCOTEST 7510 загварын зөөврийн хэмжих хэрэгслийг  загварын туршилтад хамруулж, баталгаажуулан ашиглаж байна.

Хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд ALCOTEST 9510, ALCOTEST 7510 загварын  согтуурлын түвшин тогтоогч хэмжих хэрэгслүүдийн талаарх ойлголтыг товчхон өгье.

ALCOTEST 9510 загварын  согтуурлын түвшин тогтоогч хэмжих хэрэгсэл: Хэт ягаан туяаны болон цахилгаан химийн мэдрэгчид өөрөөр хэлбэл  хоёр өөр аналитик зарчимд үндэслэсэн бие даасан хэмжлийн 2 өөр системийн тусламжтай хүний амьсгалаар гарсан агаарт байгаа этилийн спиртийн концентрацыг богино хугацаанд, илүү өндөр нарийвчлалтай тодорхойлдог хэмжүүр юм.

ALCOTEST 7510 загварын  согтуурлын түвшин тогтоогч хэмжих хэрэгсэл: Хүний амьсгалаар гарсан агаарт байгаа этилийн спиртийн концентрацыг богино хугацаанд, өндөр нарийвчлалтай тодорхойлдог цахилгаан химийн мэдрэгчтэй хэмжүүр юм. Өөрөөр хэлбэл эдгээр хэмжих хэрэгслийн тусламжтайгаар маш богино хугацаанд хүний цусанд агуулагдаж байгаа этилийн спиртийн хэмжээг  тодорхойлно гэсэн үг юм.