Цаг үеийн мэдээ

Цагдан хорих 461 дүгээр ангид “таслан сэргийлэгдсэн” иргэн Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан нам (хуульд заасны дагуу төлөөллөөрөө дамжуулан) батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлэхээр боллоо.

Мөн Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй нэр бүхий иргэдийн болон тэднийг суллахыг шаардан өлсгөлөн зарласан иргэдийн асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, намын дарга М.Тулгат, дэд дарга Ц.Оюундарь нар мэдээлэл хийлээ.

АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ГАНБАТ: "Бид хүний эрхийн талаар мэдээлэл хийж байна. Монгол Улсын иргэд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байна. Эрхээ эдэлснийхээ төлөөр цагдан хорих 461 дүгээр ангид хоёр иргэн хоригдлоо. Би өөрийн биеэр очиж эргэсэн. Иргэн Э.Одбаярын хувьд өлсгөлөн зарласан. Төрийн ордны хоёр талд иргэн Ц.Чинбат гэх ижил нэртэй хоёр иргэн эсэргүүцлээ илэрхийлж байна. Мөн Сүхбаатарын хөшөөний өмнө УИХ-ын гишүүн асан С.Жавхлан суулт зарлаад тав хонолоо. Тэгэхээр эрх баригчдыг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг шаардаж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж буй эрх баригчдын гарт цагдаа, хууль хүчний байгууллагынхан гээд бүгд байна. Иргэдэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх л бий.

Монгол Улсын иргэн хүний амь нас хамгийн үнэт зүйл. Монголын сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн муу Засгийн газрыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийнх гэж хэлнэ. Засгийн газарт бүх боломж нь байна. Гэтэл бид хоёр том хөрштэйгөө ойлголцож чадахгүй сууна. Одоо эндээс гараад Ардчилсан намын удирдлагуудтайгаа хамт эсэргүүцлээ илэрхийлж буй иргэдтэй уулзаж, Улсын ерөнхий прокурорт хүсэлтээ өгнө"

АН-ЫН ДАРГА М.ТУЛГА: "Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлснийхээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан намын зүгээс батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна. Тэднийг баривчлах явцад цагдаагийн алба хаагчдын зүгээс гаргасан хүний эрхийн зөрчлүүд, хууль бус үйлдлийг шалган тогтоож, хууль зөрчсөн буруу жишгийг дахин давтахгүй байхыг прокурорын байгууллагаас шаардаж байна. Иргэн Э.Одбаярын хувьд цагдан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад 10 гаруй хонож байхад эрх баригчид огт тоохгүй байна. Түүнийг бичлэг тараасан гэх үндэслэлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргасан юм билээ. Иргэн Д.Монголхүүг хууль сахиулагчтай зүй бусаар харьцсан гэх үндэслэлээр хорьсон байна лээ. Үндсэн хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой. Ингэж болохгүй байх. Эдгээр залуус тайван замаар үг хэлэх эрхээ эдэлсэн. Онц ноцтой гэмт хэрэгтэн бол биш"