Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан "Монголоо аваръя" хөдөлгөөн эхлүүлж, УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцрохыг шаардан төв талбайд суулт зарлаад 5 хонож байна. 

Түүнийг Засгийн газраас 4 тэрбум төгрөг шаардсан, хүсэлтийг нь биелүүлээгүй учир ийнхүү суулт зарласан гэдэг мэдээлэл өнөөдөр цацагдсан. 

Энэ тухай Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад : “ С.Жавхлантай уулзсан нь үнэн. Уулзалтын үеэр улс даяар тойрч хэрэгжүүлэх төсөл байна. Нийт 4 тэрбум орчим төгрөг шаардлагатай. Энэ асуудал дээр Засгийн газартай хамтарч ажиллая гэсэн. Бид төсөв санхүү боломжгүй байгааг хэлсэн. Гэтэл С.Жавхлан гавьяат бухимдаж, иймэрхүү ажил зохион байгуулна гэдгээ хэлж байсан. Ярьж байсан зүйлээ ажил хэрэг болгоод жагсаал зохион байгуулна гэж бодсонгүй. Бид төсвөөс урлаг, уран сайхны арга хэмжээг санхүүжүүлэх ямар ч боломжгүй” гэлээ.

Харин энэ тухай УИХ-ын гишүүн асан С.Жавхлангаас тодруулахад: "Үхэхдээ үхэр буугаа тавина гээч юм болж байна даа. Тэр яриад байгаа нөхдүүд энд гарч ирээд хэл л дээ. Гарч ирэхээр нь нүүрэлдэж байгаад хэлье. Маш их ийм гүтгэлэг тарна гэдгийг би анхааруулж хэлж байсан. Энэ бол гүтгэлэг" гэлээ.