Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Хэнтий аймаг нэгдэж, өнөөдөр Хан Хэнтийчүүд нэгдэж, Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Мод тарих өдрөөр Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөр, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д.Бат-Эрдэнэ нарын албаныхан Хэрлэн сумын иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, Аж Ахуйн Нэгж байгууллагын 150 шахам хүн оролцож, мод тарилаа.

Хэнтий аймаг сүүлийн 9 жилийн хугацаанд 1380 га талбайд ойжуулалт хийж 1,3 сая мод ургуулсан, мөн “Бүх нийтээр мод тарих аян”-ы хүрээнд 300 мянган мод тарьж, нийтдээ 1,5 сая модыг аймгийн хэмжээнд ургуулсан. Тэгвэл Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдэж өмнөх 9 жилийн амжилтаа 20 дахин нэмэгдүүлж, 2030 он гэхэд 30 сая мод тарьж ургуулна гэдгээ мод тарих хөдөлгөөнд оролцсон аймгийн удирдлагууд мэдэгдлээ.

Тухайн ажлыг хэрэгжүүлэх үүднээс Хэнтий аймгаас 5 зорилтыг дэвшүүлж байна. Тоймолбол, мод үржүүлгийн газрыг нэмэгдүүлэх, Ойт хээрийн бүсэд жил бүр 500-1000 газрыг ойжуулах замаар 2030 онд гэхэд 9-18 сая тарьц, суулгац ургуулан ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, бүх нийтээр мод тарих аяныг өрнүүлж, жил бүр 300-500 мянган мод тарих, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайг 10 дахин нэмэгдүүлэх, өрх бүр жимсний аж ахуйтай болох зорилтыг дэвшүүллээ.

Өнөөдөр эхэлж буй мод тарих хөдөлгөөний үеэр Хэрлэн сумын ЗДТГ-аас Хотын соёл-Цэвэр хот” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж буйг дуулгаад Хэрлэн сумын үлгэр жишээ, хашаандаа мод тарьж ургуулсан өрхүүдийг эко өрхөөр шалгаруулж, шагнаж урамшууллаа. Тухайлбал,  Хэрлэн сумын 1-р багийн иргэн Г.Цэцэгмаа, 2-р багийн иргэн С.Мөнгөнбаатар, 3-р багийн иргэн Ц.Оюунбаатар, 4-р багийн иргэн В.Онон нарыг Эко өрхөөр шалгаруулж, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнаж, урамшууллаа.

Мөн үеэр МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж Цагдаагийн бэлтгэл, дэд хурандаа Дангаасүрэн агсны гэр бүл, үр хүүхэд 300 ширхэг улиас модны суулгац мөн үеэр хандивласан юм

Мод тарих энэхүү хөдөлгөөн нь Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд цөлжилтийг сааруулах, нөхөн сэргээж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, эрчимжүүлэх зорилготой юм.