Цаг үеийн мэдээ

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын нэгдсэн хуралдаан энэ сарын 19-21-ний өдрүүдэд Парис хотноо боллоо. Хуралдаанд ФАТФ-ын гишүүн 206 орны төлөөлөгчдөөс гадна Олон улсын валютын сан, НҮБ, Дэлхийн банк, Санхүүгийн мэдээллийн албадын бүлэг болох Эгмонт бүлэг зэрэг олон улсын байгууллагууд ажиглагчаар оролцсон байна. “Ковид-19” цар тахлын улмаас нэгдсэн хуралдаан нь 5 удаа цахимаар явсан бол энэ удаа цахим, биет хосолсон хэлбэрээр боллоо. Хуралдаанаар хил дамнасан төлбөр тооцоонд ФАТФ-ын стандартыг хэрэгжүүлэх судалгааны үр дүнгийн талаарх тайланг эцэслэн баталсан ба Зөвлөмж 24 буюу эцсийн өмчлөгчийн ил тод байдалтай холбоотой стандартыг сайжруулахын тулд цаашид авах шаардлагатай үйл ажиллагааг хэлэлцэв.

Мөн ФАТФ-аас виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэх удирдамжийг шинэчлэн боловсруулсан бөгөөд энэ сарын 28-ны өдөр нийтлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү шинэчилсэн удирдамж нь одоогийн стандартыг хэрэгжүүлэхэд улс орон болон хувийн хэвшилд туслах зорилготой бөгөөд тэдгээр нь удирдамжийг ашиглаж виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд нэн даруй ФАТФ-ын стандартыг хэрэгжүүлэх болно гэж үзжээ. Цаашид ФАТФ-аас виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбарт стратегийн өөрчлөлт орох эсэхэд байнга хяналт тавьж, ФАТФ-ын стандартыг уялдуулах асуудалд анхаарах, үүнд стейблкойн, P2P, NFT, төвлөрсөн бус санхүү зэрэг хамаарах аж.   

Өнгөрсөн хоёрдугаар сараас ФАТФ-ын зөвлөмж, стандартыг буруу хэрэгжүүлснээс үүсэх сөрөг үр дагаврыг судлах, бууруулах төсөл ажлыг ФАТФ-аас эхлүүлсэн. Энэхүү хуралдаанаар төслийн нэгдүгээр үе шат дуусаж, үр дүнг нийтлэхээр болсон байна. Мөн байгаль орчны гэмт хэргийн талаарх тодорхойлолт нь улс орнуудад ихээхэн ялгаатай байгааг онцлон тэмдэглээд гэмт хэргийн төрлийг улс орнуудад тодорхой болгох үүднээс ФАТФ-ийн Тайлбар тольд байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинж тэмдэг бүхий хэд хэдэн жишээ нэмж оруулахаар шийдвэрлэжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэг чухал сэдэв нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнууд буюу “Саарал жагсаалт” юм. Энэ удаа Турк, Йордан, Мали улсыг стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад оруулсан бол Ботсвана, Мавритус улсыг жагсаалтаас хасах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна. Түүнчлэн цар тахал, хорио цээрээс шалтгаалан дэлхийн улс орнууд эдийн засгийн хямрал, дарамттай нүүр тулсан ч тасралтгүй ФАТФ-ын стандартыг бүрэн, үр дүнтэй хэрэгжүүлж, гэмт хэрэгтнүүд болон террорист этгээдүүдэд боломж олгохгүй байх ёстой талаар онцоллоо. Тухайлбал, Пандорагийн баримтууд нь улс орнууд гэмт хэрэгтнүүдийг оффшор банк болон нарийн бүтэцтэй корпораци ашиглаж хууль бус хөрөнгө, үйл ажиллагаагаа нуухаас урьдчилан сэргийлж чадахгүй байгааг дахин нотолсон хэрэг боллоо хэмээн ФАТФ-аас дүгнэсэн. Иймд улс орнуудаас эцсийн өмчлөгчийн бүртгэлийг бий болгох, эсхүл тэдний талаар мэдээлэл авах боломжтой систем ашиглахыг шаардах зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөөд байна.

Та бүхэн хуралдааны талаарх мэдээлэлтэй  энд  дарж танилцах боломжтой.