Цаг үеийн мэдээ

Тус яамны албан хаагчид Хууль зүй, дотоод хэргийн салбар үүсэж хөгжсөний 110 жилийн ойгоо угтаж Цагдаагийн ерөнхий газартай хамтран өнөөдөр /2021.10.22/ “110 хүнд амьдрал бэлэглэе, цус хандивлая”  сайн үйлсийн аянг зохион байгууллаа.

Бусдад амьдрал бэлэглэх энэхүү арга хэмжээнд салбарын сайд Х.Нямбаатар болон нийт удирдлага, албан хаагчид нэгдэж, 150 орчим хүний амь насыг аврах  цусыг сайн дураараа хандивлалаа.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн 805-р ангийн эргүүлийн офицер М.Батдаваа цусаа хандивласан юм. Тэрээр 2006 оноос хойш нийт 42 удаа цусаа өгч “Хүндэт донор” болжээ. Түүнчлэн тус ангийн жолооч, ахлах ахлагч Ж.Бат-Эрдэнэ цусаа хандивласан. Ж.Бат-Эрдэнийн хувьд 2015 оноос хойш цусаа хандивлаж байгаа бөгөөд “Идэвхтэн донор” юм байна.

Энэ үеэр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн цусны нөөц ямар байгаа талаар тус төвийн Олон нийт, маркетингийн ажилтан Р. Энхтуяагаас тодруулахад “Дэлхий нийтэд тархаад буй ковид-19 цар тахлын улмаас улс орон даяар цусны нөөц багассан. Монгол Улсад ч мөн адил цусны нөөц багассан. Гэсэн хэдий ч бид төрийн болон төрийн бус байгууллага, оюутан залуусын дунд цус хандивлах нэгдсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар цусны нөөц хэвийн хэмжээнд хүрсэн. Цус сэлбэлт судлалын үндэсний төв өдөрт 120-150 нэгж цус цуглуулж өдрийн хэрэглээгээ хангадаг учраас сайн дурын донорууд төдийгүй иргэн, аж ахуй нэгж байгууллагатай тогтмол хамтран ажилласаар байна. Нэг хүний бэлэглэсэн 350-400 грамм цусаар 3 хүний амийг авардаг. Тийм учраас бусдад үлгэр дууриал үзүүлэн цусаа хандивласан Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олонд баярласнаа илэрхийлье. Мөн бидний үйл ажиллагааг байнга дэмжиж, сайн дураараа нэгдэж, цусаа хандивласан байгууллага, хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье” гээд донорууддаа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн талархлын бэлэг болох “Чин зүрхний бэлэг” -ээ гардуулж өгсөн юм.

Таны сурталчилгаа