Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 2.6.1.6, 2.6.3.4, 2.6.3.5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд орон нутгийн соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, төрийн албаны болон төсвийн шинэтгэлийн хүрээнд менежментийн шинэчлэлийг эхлүүлэх, мэргэжил, арга зүй удирдлагаар хангах зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллалаа.

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгээр ахлуулсан ажлын хэсэг нь Соёлын яамны 2021-2024 оны стратегийн төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолоор батлагдсан “Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор батлагдсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”, соёлын өвийн бүртгэл, хадгалалт хамгаалалт, музейн хөгжил, цахим номын сангийн үйлчилгээ, соёлын төв, ордны орчин ба үйлчилгээний жишиг стандартын төсөл, салбарын хүний нөөцийн хөгжил зэрэг асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Мөн Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг нь Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалантай албан уулзалт хийж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.1.6 дахь зорилт Хөвсгөл нуурыг түшиглэсэн “Хөвсгөл нуур музей, соёл мэдээллийн төв” байгуулах асуудлыг 2022 оноос эхлүүлэхээр, Дэлхийн өвд бүртгүүлэхээр хүсэлт гаргаад буй Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэр дэх “Уушигийн өврийн буган чулуу, хөшөө цогцолбор”-ыг соёлын бүтээлч үйлдвэрлэлээр хөгжүүлэн соёлын аялал жуулчлалын бүсэд холбох эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр санал солилцлоо.

Энэ үеэр аймгийн Хөгжимт драмын театр, номын сан, музей, зураач, урчуудын холбооны “Хөвсгөл арт галлерей”, Хатгал сумын Соёлын төв, орон нутаг судлах танхим, Бүрэнтогтох сумын “Уушигийн өврийн буган чулуу, хөшөө цогцолбор” зэрэг газруудын үйл ажиллагаатай танилцаж, удирдлага, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан юм.

Хөвсгөл аймагт Соёлын хэлтсийг шинээр эмхлэн байгуулсантай холбогдуулан шаардлагатай зарим компьютер, тоног төхөөрөмж болон аймгийн номын сан, сумдын соёлын төвийн номын сангийн сан хөмрөгт ном, сэтгүүлийг гардуулав. Мөн салбартаа олон жил, үр бүтээлтэй ажилласан соёлын ажилтан Түнэл сумын Соёлын төвийн дарга Д.Түмэнбаяр, Шинэ-Идэр сумын Соёлын төвийн соёлын өвийн ажилтан С.Хүрэлбаатарыг “Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан”, Хөвсгөл аймгийн орон нутгийн телевизийн сэтгүүлч Г.Дэлгэрзаяаг Соёлын яамны “Жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа.