Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Манхан, Зэрэг сумын 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 287-р тулгуур хугарчээ.

Энэ талаар Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Релей хамгаалалтын албаны дарга П.Давааням мэдээлэл өгөв. Тэрбээр "Баруун аймгуудад өчигдрөөс эхлэн хүчтэй шороон шуургатай байна. Шуурганы улмаас өнөөдөр орон нутгийн цагаар 11.00 цагийн орчимд цахилгаан тасарсан. Манай инженер техникийн ажилтнууд агаарын шугамын үзлэг хийгээд дамжуулах багана унасныг 13.00 цагийн орчимд мэдсэн. Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг эрчим хүчээр хангадаг. Одоогийн байдлаар Ховдын Зэрэг, Дарви, Цэцэг сум болон Хөшөөтийн уурхайн 2-3 кэмп цахилгаангүй болоод байна. Гэмтлийг арилгахаар ажиллаж байна" гэв.