Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн “Хойд уйлт" гэдэг газар /аймгийн төвөөс  баруун зүгт 83 км–т, сумын төвөөс баруун урд зүгт 50 км–т/ 12 сарын 02-ны өдөр Шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээд байна.

Тус сумын Засаг даргын 2021.12.02-ны өдрийн А/155 дугаар захирамжаар 21 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоон Хөх цавын ам, Хөх сайгын ам, Улаан хад, Халзан давааны ам гэх газруудад хяналтын 4 постод Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газар, сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид ажиллаж байна.

Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусийн гаралтай гоц халдварт өвчин.

Халдвар дамжих зам:

Өвчтэй болон өвчлөөд эдгэрсэн мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үрийн шингэнээр гадагшилсан вирусээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, гутал хувцас зэрэг нь халдвар тараах эх үүсвэр болдог. Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус нь агаар дуслын замаар алс хол зайд халдварлах боломжтой.

Эмнэл зүйн шинж тэмдэг:

Өвчний нууц үе нь ихэнхдээ 3-5 хоног ба заримдаа 21 хоног байдаг. Шүлхийгээр өвчилсөн мал амьтны ам, хамар, буйл тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох ус тэжээлдээ дургүй болох, халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Иймд:

Мал эмнэлгийн байгууллагад өвчний сэжиг илэрсэн тухай шуурхай мэдэгдэж, малын хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сахиж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх.

Мөн иргэд онцын шаардлагагүй бол шүлхий өвчин гарсан аймгийн нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Онцгойлон анхааруулж байна.