Цаг үеийн мэдээ

Тайваний Ноордхофын гавал тархины сангаас ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасагт хамар-залгиурын уян дуран хандивлалаа.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Тайваний төлөөлөгчийн газрын төлөөлөгч хатагтай Грэйс Ж. Р. Лөү, хоёрдугаар нарийн бичгийн дарга Чуан Хао Юн, гуравдугаар нарийн бичгийн дарга Гао Жэн Сиан нар 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ЭХЭМҮТ-д хүрэлцэн ирэв. Энэхүү уулзалтад ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа, Эрдэм шинжилгээ, сургалт гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Энхмаа, Стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал П.Жамьян, Хүүхдийн эмнэлгийн дэд захирал Т.Болормаа, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн дэд захирал Х.Цолмон нар оролцов. 

Энэхүү уулзалтын үеэр ЭХЭМҮТ-ийн тэргүүлэх чиглэл, стратеги төлөвлөгөө, гадаад хамтын ажиллагааны талаар төлөөлөгчдөд танилцуулан, Тайваний эрүүл мэнд, судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хамтран ажиллах цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцлоо.

Түүнчлэн уулзалтын үеэр байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Тайваний Ноордхофын гавал тархины сан (Noordhoff Craniofacial Foundation)-гаас ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасагт хамар-залгиурын уян дуранг хандивлалаа.  

Энэхүү багаж нь уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгтэй хүүхдэд тагнайн мэс заслын дараах үр дүнг үнэлэх, зөөлөн тагнай-залгиурын дутмагшлыг оношилоход чухал хэрэгцээтэй багажийн шинжилгээ юм. 

Таны сурталчилгаа