Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бусдын орон байр, албан байгууллагуудад нэвтэрч, хулгайн гэмт хэрэг үйлддэг байсан найман этгээдийг илрүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны баривчлах үед гэрээс нь хар өнгийн зөөврийн компьютер, проктер, зөөврийн хард диск, гуулин бурхан гурван ширхэг зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар хураажээ.

Тухайн этгээдүүд 23-35 насны, эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд хоёр нь өмнө нь хулгайлах гэмт хэрэг үйлдэн ял шийтгэл эдэлж байсан аж. Тухайлбал, Б нь өмнө нь хулгайлах гэмт хэрэгт гурван удаа ял шийтгүүлсэн гэж Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд:

1. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;

2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;

2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;

2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг:

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.