Цаг үеийн мэдээ

Нэгдүгээр сарын 19-ний өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлаар Аймгийн аварга малчин өрх, аварга саальчин, аварга тариаланчийг шалгаруулах,  шагналыг ямар байдлаар гардуулах тухай болон аймгийн “Хөдөлмөрийн аварга”-уудыг  шалгаруулах гэсэн гурван асуудлыг  хэлэлцлээ.

Жил бүрийн сар шинийн босгон дээр хөдөө аж ахуйн салбарын аваргуудыг тодруулан шагнадаг уламжлалын дагуу  салбартаа  үр бүтээлтэй ажилласан жил, сум орон нутагтайгаа хамтарч ажилласан байдал, татвар, даатгалын төлөлт, малын тоо,чанар  бусад малчдыг малжуулсан зэрэг 20 гаруй үзүүлэлтийг дүгнэж, 

“Аварга малчин өрх”- 53;

“Хошой аварга малчин өрх”- 1;

“Аймгийн аварга саальчин”- 1; 

“Аймгийн аварга тариаланч”-  2; "Аймгийн аварга тариаланч хамт олон"-1 тус бүр шалгаруулав. Аварга малчдын шагналыг хотонд нь очиж хүндэтгэн гардуулдаг байсан бол цар тахлын улмаас сүүлийн хоёр жил энэхүү уламжлал тасалдаад буй. Энэ удаа нэгдүгээр сарын 25-ны  өдрийн дотор хотонд нь очиж гардуулж өгөхөөр шийдвэрлэлээ.

Дараа нь, Хөдөлмөр бүтээлээрээ салбараа манлайлж, аймаг орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг алдаршуулах зорилгоор шалгаруулдаг аймгийн “Хөдөлмөрийн аварга”-д нэр дэвшсэн хүмүүсийн тодорхойлолтыг хэлэлцэв.  Үхэр жилийн ажил үйлсээрээ салбар салбартаа тэргүүлсэн 22 хүнийг Хөдөлмөрийн аваргад тус бүр тодрууллаа.