Цаг үеийн мэдээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Иргэний нисэхийн ерөнхий газар түүний харьяа байгууллагуудад ажилласны дараа  МИАТ ТӨХК-д ажиллав. Тус компани өнөөдрийн байдлаар таван агаарын хөлгөөр үйлчилгээ үзүүлж байна.  2019 онд 2596 нислэг үйлдэж 30 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол сүүлийн хоёр жилд Ковид-19 цар тахлын улмаас нислэгийн тоо огцом буурч 2020 онд 58 тэрбум 2021 онд 32 тэрбум төгрөгийн алдагдалд орсон ч эргээд хурдан хугацаанд сэргэх боломжтой гэж харж байгаагаа тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир хэллээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, нисэхийн салбарын хамгийн чухал асуудал бол аюулгүй байдал. Үүнийг өдөр бүр өөртөө хэлж, бусад хамтран ажилладаг хүмүүсдээ сануулж, шаардлага тавьдаг байх ёстой,  Гаднынхан монголын авиа компаниудын тасалбарын үнэ өндөр байна гэж шүүмжилдэг. Энэ шүүмжлэлээс салах цаг болсон. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар агаарын тээврийн либералчлалын ажлыг хэрэгжүүл гэсэн чиглэл өгсөн. Үүнийг хэрэгжүүлэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана. Үр дүнд нь гаднаас аль болох олон жуулчин эх орондоо авчрах, тасалбарын үнийг бууруулах арга хэмжээ авч, үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарах,  бусад авиа компаниудтайгаа уялдаа холбоотой ажиллах шаардлагатай.  2022 онд АНУ-тай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. Цаашдаа Кувейт, Катар улстай агаарын хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ хэмжээгээр зах зээлийн өрсөлдөөн бий болно. Үүн дээр төлөвлөгөөтэй ажиллаж нислэгийн менежментийг сайжруулах, аяллын дугаар хувааж ажиллах зохицуулалтыг түлхүү хийх бодлого баримтлах зэрэг хэд хэдэн тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар өгөв.

Мөн тэрээр тус компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа. Өнөөдрийн байдлаар Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын хамт олон ОХУ-ын “Royal Flight” компанийн VQ-BRF бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлөг “С” хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэж байна. 2022 он гарсаар хоёр дахь онгоцны засварын ажлаа хийж гүйцэтгэж байгаа нь энэ юм. Цаашид Boeng-ын агаарын хөлгүүдэд засвар хийх том зорилт тавин ажиллаж байгааг Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын дарга Т.Аюуш хэллээ. Тус засварын газарт 40 гаруй залуус  олон улсын түвшинд ажиллаж, хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээ үзүүлж, үйлчилгээний чанар нь олон улсын шаардлага хангаж байна. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт хийгдэж буй агаарын хөлгийн техник үйлчилгээний инженер, техникийн ажилчдын ур чадвараар бахархаж байна. Цаашид ажилчдаа улам чадавхжуулж дотоодын болон гадаадын сургалтад хамруулан,  засвар үйлчилгээний олон улсын зах зээлд улам илүү амжилттай ажиллахыг хүсье” гэв.   

МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь  агаарын хөлгийн техник үйлчилгээний зах зээлд 2014 оноос амжилттай нэвтэрч, өнөөдрийн байдлаар гадаадын авиа компаниудын 83 агаарын хөлөгт хүнд болон хөнгөн хэлбэрийн техник үйлчилгээг үзүүлээд байгаа юм.