Цаг үеийн мэдээ

Сүүлийн үед хоолойн чадал, дууны сонголт, клипны зураг авалтууд зэргээрээ ялгарч буй дуучин бол МУСТА С.Нинжин юм. Түүнтэй уран бүтээлийн сонин сайхнаас нь хөөрөлдөхөд: Тэрээр шинэ уран бүтээлүүдээ олонд хүргэсээр байгаа ба энэ удаад Монголын үндэстэн ястны дуун дээжисээс бүтсэн “Малчин түмний мэнд” теле концертоо нийт Монголчууддаа зориулан сар шинийн өдрүүдээр хүргэхээр бэлтгэсэн байна. Тус теле концертод Буриад, Урианхай, Дархад, Казак, Үзэмчин, Баяд гэсэн зургаан ястны дуунууд дуулагдах ба урилгаар Үндэсний урлагийн их театрын дуучин МУГЖ Д.Амаржаргал, Уртын дуучин МУГЖ Б.Мөнхбаатар, Казак дуучин Эрдос нар оролцсон гэв.

Сонирхуулахад Дууны баг, Дүрсний баг, тайзны баг, арын алба гэхчилэн нийт 67 хүн ажилласан ба дуулагдах дууны судалгаанд анхаарахын зэрэгцээ, хувцас хэрэглэлүүдээ  уламжлалт загвараар нь захиалан хийлгэж “Монгол костюмс” компанитай хамтран ажилласан байна.

Зөвхөн үндэстэн ястны дуунуудаас бүтсэн нэг дуучны теле концерт ховор байх. Байдаг гэвэл тэдний дунд жин дарах, томоохон бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна. Монголын нийтийн дууны урлагт өөрийн гэсэн тод өнгийг нэмж яваа дуучин бүсгүйд уран бүтээлийн амжилт хүсье.