Цаг үеийн мэдээ

Камила олимпын наадмын түүхэнд дөрвөлсөн эргэлт амжилттай гүйцэтгэсэн анхны эмэгтэй уран гулгагч боллоо

Энэ удаагийн олимпын уран гулгалтын багийн төрлийн богино болон чөлөөт үзүүлбэрт өрсөлдөж буй ОХУ-ын тамирчин 15 настай Камила Валиева ОХУ-ын шигшээ баг багийн төрөлд алтан медаль хүртэхэд онцгой үүрэг гүйцэтгэлээ. Тодруулбал энэ сарын 6-нд болсон эмэгтэй богино үзүүлбэрт тэрбээр 90.18 оноо авч, уран гулгалтын шигшээ багаа эхний байрт авч ирсэн. Улмаар өнөө өглөө болсон чөлөөт үзүүлбэрт дөрвөлсөн сальхов, гурвалсан риттбергер, гурвалсан аксель гэсэн уран гулгалтын төрлийн хүнд элементүүдийг маш чадварлаг гүйцэтгэн, 178.92 оноо авлаа. Ингэснээр багийн тэмцээний нийт дүнгээр ОХУ-ын шигшээ баг 74 оноо авч, олимпын алтан медаль хүртлээ. Тэрбээр уран гулгалтын түүхэнд дөрвөлсөн эргэлтийг амжилттай гүйцэтгэсэн анхны эмэгтэй уран гулгалч боллоо.