Цаг үеийн мэдээ

Улбар шар түвшингээс Шар түвшинд шилжиж цар тахлын бүхий л хязгаарлалтуудыг цуцалж буйгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ. 

Тэрээр: "Өнөөдөр Засгийн газар хуралдаж гамшгийн улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэлэлцэн баталлаа. Энэхүү шийдвэрийг вакцины бүрэн тунд зорилтот бүлгийн 92 хувь, нэмэлт 3 дугаар тунд зорилтот бүлгийн 52 хувь, 4 дүгээр тунд одоогийн байдлаар 90 орчим мянган иргэд идэвхитэй хамрагдаж, мөн халдвар хамгааллын  эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж Монгол улс Олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо өнөөдөр ийнхүү зарлаж байна. Цар тахлын үеийн бүхий л хязгаарлалтууд цуцлагдаж байна гэж ойлгож болно. Монгол улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд хэрэв та вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол улс хүлээн авахад бэлэн байна. Магадгүй вакцинд хамрагдаж чадаагүй бол Монгол улсад хүрэлцэн ирж вакцинд хамрагдах боломж бас нээлттэй гэдгийг зарлаж байна" гэлээ.