Цаг үеийн мэдээ

"КОВИД-19-ийн халдвараас сэргийлэхэд эцэг, эхийн оролцоо, дэмжлэг” сургалтын нээлт өнөөдөр боллоо. 

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс хамтран зохион байгуулж буй тус сургалтын зорилго нь КОВИД-19-ийн халдвараас сэргийлэх, цар тахлын үед хүүхдийнхээ эрүүл мэнд, дархлааг дэмжих эцэг, эхчүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа дахь тэдний дэмжлэг, оролцоог нэмэгдүүлэхэд орших юм.  

Нийслэлийн БЗД-ийн сургууль, цэцэрлэгийн ажилтнууд, эцэг, эхчүүдийг хамруулан өнөөдөр нээлтээ хийсэн тус сургалт цаашид орон даяар цахим хэлбэрээр үе шаттайгаар үргэлжилж, нийтдээ 7,100 гаруй хүнийг сургах юм.  

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, шинжлэх ухааны Сайдын ахлах зөвлөх М.Батгэрэл, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа  (цахимаар) нар оролцож, сургалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж, амжилт хүслээ.