Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” – ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Боловсролын газар, Монгол хэл бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо хамтран анхан, дунд, ахисан дунд, гүнзгий шатны хөтөлбөрөөр үндэсний бичгийн сургалтыг зохион байгууллаа.

     Цахим сургалтад НЗДТГ-ын 140 гаруй төрийн албан хаагч 2022 оны 01 дүгээр сарын 05-наас 02 дугаар сарын 11-ний хооронд хамрагдаж, 14 сургагч багш үндэсний бичгийн хичээлийг суралцагчдын мэдлэгийн төвшинд тохируулан онол, компьютерийн дадлага ажилтай уялдуулан заалаа.

     Өнөөдөр сургалтын хаалтын үйл ажиллагаа цахимаар болсон бөгөөд  НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Монгол хэл бичгийн багш, судлаачдын үндэсний холбооны тэргүүн, доктор Г.Даваажаргал, нийслэлийн Боловсролын газрын монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан мэргэжилтэн Р.Өлзийхүү болон сургагч багш, албан хаагчид оролцож, сургалтаас гарсан үр дүн, ахиц дэвшлийн талаар санал бодлоо солилцлоо. 

     Албан хаагчдаас сургалтаас хэрэгцээтэй мэдлэг, мэдээлэл өгсөн эсэхийг үнэлэх, сургалтын үйл ажиллагааг цаашид хэрхэн сайжруулах зорилгоор нэгдсэн судалгаа авахад, оролцогчдын 92 хувь нь хичээл зааж буй багш нарын ур чадвар, заах арга барил сайн, үр өгөөжтэй сургалтыг зохион байгуулсан гэж дүгнэсэн байна.