Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээх журам батлагдан гарлаа. Бид энэхүү шинэ журмын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт Т.Ганбатаас тодрууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээх журам батлагджээ. Энэхүү журмын талаар тодруулна уу?

Цэргийн сургуулиудын сонсогч, сурагчдын суралцах идэвхийг өрнүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ур чадварыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг төлөвшүүлэх, цэргийн албаны сахилга хариуцлагыг өндөржүүлэх, иргэний үүрэг, хариуцлага, хандлага, ёс зүйг төлөвшүүлэх, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор цэргийн сургуулиудын шилдэг сонсогч, шилдэг сурагчийг шалгаруулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагналыг жил бүр “Монгол цэргийн өдөр”-өөр гардуулж байхаар боллоо.   

Бидний мэдэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эрдэмтэн, эмч, ажилчин зэргийг шалгаруулж, жилийн тогтсон өдөр шагналыг нь гардуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шилдэг сонсогч, шилдэг сурагч шагнал нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд батлан хамгаалах, Зэвсэгт хүчний чиглэлийн анхны шагнал гэж ойлгож байна. Тийм үү?

Тийм ээ, анхны нэрэмжит шагнал. Энэ бол батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг дэмжиж, нийгэмд тэдний үлгэр дуурайлыг бий болгох, амжилттай суралцах идэвхийг өрнүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.  

Энэхүү нэрэмжит шагналын хамрах хүрээ, үндсэн шалгуурын талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?

Нэрэмжит шагналыг сурлагын амжилтаараа манлайлан 6 улирал дараалан 3,7-гоос доошгүй голч дүнтэй суралцсан, Боловсрол, шинжлэх ухааны болон төрийн захиргааны бусад төв байгууллага, их, дээд сургуулиас зохион байгуулсан оюутны эрдэм шинжилгээний ажил, уралдаан, шалгаруулалтад амжилттай оролцон тэргүүн байруудад шалгарч, сонсогчийн бие даасан 2-оос доошгүй бүтээл гаргасан, тэдгээр бүтээлийн 1-ээс доошгүй нь цэргийн алба, үндэсний аюулгүй байдлын асуудалд хамаарах сэдвээр хийгдсэн, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, эрүүл мэндэд тавигддаг стандартын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан, биеийн тамир, цэрэгжлийн спортын уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож амжилт гаргасан, цэргийн тангараг, дүрмийн шаардлагыг ухамсартайгаар сахин биелүүлдэг, үлгэр жишээч сахилга баттай, иргэний үүрэг, хариуцлага, хандлага, ёс зүйн зөв төлөвшилтэй, анги хамт олондоо нэр хүндтэй байх, сургуулийн болон улсын чанартай гадаад хэлний олимпиадад оролцож, тэргүүн байруудад шалгарсан байх зэрэг болзлыг хангасан сонсогч, сурагчдаас шалгаруулан хүртээнэ.

Шилдэг сонсогч, шилдэг сурагчид нэр дэвшүүлэх, материал хүлээн авах, шалгаруулах, шагнал гардуулах үйл явц, хугацааны талаар ...

Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Тагнуулын академи тус бүрээс төгсөх ангийн нэг сонсогчийг ”Шилдэг сонсогч” төрөл, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин өрлөг” сургуулийн 12 дугаар ангийн нэг сурагчийг “Шилдэг сурагч” төрлөөр тус тус шалгаруулна. Дээрх заасан болзлыг хангасан сонсогч, сурагчийн тодорхойлолт, материалыг  Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газарт жил бүрийн 2 дугаар сарын 10-ны дотор ирүүлнэ. Сонгон шалгаруулах материалд суралцагчийн бие даасан бүтээлд хийсэн эрдэмтдийн дүгнэлт, иргэний үүрэг, хариуцлага, хандлага, ёс зүйн төлөвшлийн талаар болон хамт олны тодорхойлолт зэрэг материалыг хавсаргасан байна. Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газар холбогдох материалыг ажлын 10 хоногийн дотор судлан үзэж, холбогдох дүгнэлтийг гарган Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт тухайн жилийн 3 дугаар сарын 1-ний дотор хүргүүлнэ.

"Соёмбо" сонин сэтгүүлч Д.ГҮНЖИЛМАА