Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгаас шалгарсан “УЛСЫН АВАРГУУД” шагналаа гардан авлаа.

1. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2-р багийн малчин Лунхайн Тэгшбаярийн гэр бүл 1990 оноос хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа хөдөлмөрч, олон түмэндээ нэр хүндтэй, мал маллах арга ухааныг хойч үедээ өвлүүлэн үлдээж яваа олон шавь малчинтай сурган хүмүүжүүлэгч манлай малчин билээ. 

Буянт малынхаа үр шимийг хүртэн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” өрхөөр шалгарлаа.

2. Хөвсгөл аймгийн  Цагаан-Уул сумын 1 дүгээр багийн малчин Банзайн Цэнд-Аюуш, Х.Дашдаваатай нарын гэр бүл “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” өрхөөр шалгарлаа. 

Б.Цэнд-Аюуш нь 9 хүүхдийнхээ 7 нь айл орон болгож мал цөөнтэй малчин өрхүүдийг малжуулж, сайн үйлсийн аянд  33,770,0 мянган төгрөг зарцуулжээ.  

3.  Цагаан-Уул сумын Өвгөд багийн малчин Намсрайн Галсанжамцын гэр бүл алтан унаганы эзэн боллоо.

Н.Галсанжамц нь мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа хөдөлмөрч, залуу хойч үедээ үлгэр дууриалал болж нийгмийн идэвхи, санаачлаг сайтай, аливаа ажилд манлайлан оролцдог, үлгэр жишээ төлөв даруу, тэргүүний малчин юм. 

Нийгмийн хариуцлагын хүрээнд сүүлийн 3 жилийн хугацаанд 3700,0 мянган төгрөг, даага 5-ийг, 2016 онд хилийн 0257-р ангийн 0304-р салбарт агт морь 1 тус тус хандивласан байна.

4. Галт сумын Нүхт багийн малчин Ганжуурын Өлзийбаяр гэр бүл “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” өрх боллоо.

Г.Өлзийбаярын гэр бүл  1991 оноос хойш мал маллаж, малыг 4-н төрөлд өсгөн үржүүлж, нарийн соргог бэлчээрт зуны цагт отор нүүдэл ойр ойрхон хийж , тарга хүчийг сайн авахуулж, намар хээлтэгч малыг үржилд орохын үед ялган маллаж, сүргийн бүтцийг сайжруулах зорилгоор Завхан аймгийн Сартуул, Дархад  үүлдрийн хуц, Эрчим хар үүлдрийн ухныг үржилд ашиглан мал сүргээ чанаржуулан өсгөн үржүүлж байна.

5. Галт сумын Рашаант багийн малчин Чүлтэмийн Дарьсүрэн гэр бүл МОНГОЛ УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН” өрх боллоо.

Ч.Дарьсүрэн нь Урд нарийны фермд 7-8 саальчинтай баг болон ажиллаж байсны дотроос залуу үеийн 3 хүн мянгат саальчин болж, 1 хүн 20 үнээнээс 20 тугал бойжуулан мал маллах арга туршлага, сүү, цагаан идээ боловсруулах арга барилаа харилцан солилцож бусад фермийнхэндээ үлгэрлэж, манлайлал болж байсны үр дүнд 1987 онд “аймгийн аварга ферм”-ээр, 1989 онд аймгийн “энх сүрэгтэн ферм”-ээр шалгарч байсан тэрээр өндөр насны тэтгэвэрт гарсан ч 3 хүнийг туслах малчнаар авч малжуулан амьдрал ахуйд нь дэм  болж буянт малынхаа шимийг түгээн дэлгэрүүлж байна.

6. “ХӨХ БҮРД” ХХК -ний хамт олон “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ” хамт олон боллоо.

“ХӨХ БҮРД” ХХК нь 2005 онд Хөвсгөл аймаг Тариалан суманд  байгуулагдсан. Гадаад дотоод худалдаа, хүнс, бараа, цахилгаан бараа төрөлжсөн жижиглэн худалдаа, газар тариалан, хөдөө аж ахуйн түүхий эд болон мал амьтдын бөөний худалдаа зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна.

 Тариалан, Их-Уул, Тосонцэнгэл сумдад газар тариалангийн чиглэлээр 1800 га эргэлтийн талбайд 800-1000 га талбайд тариалалт, уриншийн боловсруулалт хийж 1 га талбайгаас 15-20 цн хураан авчээ. 2018 оноос техник, тоног төхөөрөмж болон хөрс сайжруулалтын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийсэн зэрэг амжилтаараа “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ” хамт олон боллоо.

7. Жамсрангийн Болдбаатарын   гэр бүл “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ” өрхөөр шалгарлаа.

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хувиараа хөдөлмөр эрхлэгч, газар тариалангийн салбарт 22 жил ажиллаж байгаа хөдөлмөрч гэр бүл. 2га газарт төмс хүнсний ногоо, 60-100м2 хүлэмжид нарийн ногоо, модны үрсэлгээ хийж өнгөрсөн онд 410ц төмс, 195,8ц хүнсний ногоо зах зээлд нийлүүлсэн байна. Ийнхүү хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж Жамсрангийн Болдбаатарын   гэр бүл “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ” өрхөөр  тус тус шалгарч цол тэмдгээ гардан авлаа.