Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу 2022 оны 04-р сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд , Нийслэлийн ЭМГазрын дэд дарга Л.Зэндмаа нар БГД-ийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн салбар эмнэлэг болон БГД-ийн Нэгдсэн эмнэлэг Насанд хүрэгчдийн тасагтай болон ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт ажиллаа. Баянгол дүүрэг нь нийт 250 мянга гаруй хүн амд үйлчилдгийн 92 мянга нь 0-18 насны хүүхдүүд байна. Хүүхдийн томуу төст өвчлөлд RSV вирус тохиолдол их байгааг мэргэжлийн эмч хэлж байлаа. Түүнчлэн 17:00 цагаас хойш эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг гэж эмч нар хэлж байв.

Цэцэрлэг сургууль эхэлсэнтэй холбоотой 0-5 нас хүртэлх хүүхдүүдийн дунд амьсгалын цочмог замын халдвар их байгааг энэ үеэр онцолж байв. Өнөөдрийн байдлаар БГД-ийн Хүүхдийн салбар эмнэлэгт нийтдээ 204 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагын дийлэнх хүнд хүндэвтэр гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн тасаг нь нийт Хоол боловсруулах тасаг, Эрчимт эмчилгээ тасаг, Амьсгалын замын гэсэн 3 тасагтай. Хүүхдийн амбулаторийн үзлэгийн ачаалал өдөрт 200 хүрдэг байсан бол өнөөдрийн байдлаар харьцангуй буурч 100 хүрч байгааг эмч мэргэжилтнүүд хэлэв.

Хүүхдийн амбулатор нь өглөө 8:30 цагаас орой 22:00 хүртэл ажиллаж буй юм. Тус эмнэлэг нь нийт Хүүхдийн тасагтаа 11 эмч, 20 сувилагч, халдвар судлаач эмч 1, эм зүйч 1, 13 бусад эмнэлгийн ажилчид зэрэг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүүхдийн өвчлөл их байсан өмнөх долоо хоногуудад 100 ор нэмж дэлгэсэн гэдгийг энэ үеэр хэлж байлаа. Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүний дараа БГД-ийн Нэгдсэн эмнэлгийн Насанд хүрэгчдийн тасагт ажиллалаа. Тус тасагт нийт 117 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас Хүндэвтэр – 15 Хүнд -13 үйлчлүүлэгч байна. Хүлээн авахаар нийт -11 үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. БГД-ийн Нэгдсэн эмнэлгийн хувьд насанд хүрэгчдийн тасагтай ачаалал харьцангуй бага байлаа.

Үүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт ажиллав. Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 536 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрийн төрөлжсөн мэргэжлийн хүүхдийн зүрх, бөөр, хоол боловсруулах эрхтний эмгэг судлал болон төрөлжсөн мэс заслын тасгуудад хүүхдүүдээ хүлээн авч эмчилж байна. Дийлэнх нь төлөвлөгөөт мэс засал хийлгэхээр хэвтсэн хүүхдүүд байв. Амьсгалын эмгэг судлалын тасгийн хувьд өнөөдрийн байдлаар тасагт 52 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Яаралтай тусламжийн тасгаар хоногт 280-330 хүүхэд үзүүлж байгаагийн 40% нь амьсгалын эрхтний эмгэг буюу халуурсан ханиалгасан шуугисан гэсэн зовиуртай хүүхдүүд их байгааг ЭХЭМҮТ-ийн эмч Ц.Болормаа хэлж байлаа.

10 хоногийн өмнөхөөс өнөөдрийн байдлаар эмнэлэгт хандаж буй хүүхдүүд 20 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ачаалал ихтэй үед ЭХЭМҮТ нь 40 гаруй орыг хүүхдийн тасагт дэлгэж нэмэлтээр жижүүр эмчийг томилон ажиллуулсан гэдгийг хэлж байв. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл явцтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагад өгсөн юм.

Баянзүрх дүүрэг болон Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт мөн ажиллаа. ЧД-ийн Эрүүл мэндийн төв нь нийт 170 гаруй хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар хүүхдийн өвчлөл эрс нэмэгдсэнтэй холбоотой насанд хүрэгчдийн 2 тасгийг нэмэлтээр хүүхэд хэвтүүлэр тасаг болгожээ. Ийнхүү нийт Хүүхдийн 4 тасагт 220 ор дэлгэсэн байгаагын өнөөдрийн байдлаар 160 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 0-4 нас хүртэлх хүүхдүүд амьсгалын цочмог замын өвчлөлөөр хүндэрч байгааг эмч хэлж байлаа.

Тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг 2 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томуугийн өвчлөл ихтэй байгаа энэ үед эмнэлгийн ачаалал 2 дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн 7 хоногоос тохиолдлын тоо 15-25 хувиар буурч байна. Тус эмнэлэгт шаардлагатай байгаа хүчилтөрөгчийн үйлдвэр мөн тулгамдаад байгаа эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн асуудлаар ойрын үед хамтарсан уулзалт зохион байгуулахаар боллоо.