Цаг үеийн мэдээ

АНУ-ын Засгийн газар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүрээлэлд багтдаг төрийн өндөр дээд албан тушаалтнуудын эсрэг шинэ хориг арга хэмжээ тогтоосон байна. Шинээр хориг тавьсан хүмүүсийн дунд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, томоохон банкууд болон Ерөнхийлөгч Путины охидын нэр багтжээ.

Украины нийслэл Киевийн ойролцоох Буча тосгонд олон арван иргэний цогцос булагдсан байгааг олсны дараа Вашингтон Оросын цэргийн ажиллагааг зэмлэн буруушааж байгаа үйлдлээ дахин нэг шатаар ахиулсан явдал юм. Харин Москвагийн зүгээс эдгээр иргэдийг Оросын тал хөнөөсөн гэх ямар ч баримт нотолгоо байхгүй хэмээн байр сууриа хамгаалаад байна.

Америкийн Ерөнхийлөгч Жо Байден Буча тосгонд дайны гэмт хэрэг үйлдэгдсэнээс гарцаагүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, хариуцлага тооцох ёстой хэмээн мэдэгджээ. 

Тиймээс Путины охид болох Катерина Владимировна Тихонова, Мариа Владимировна Воронцова нар насанд хүрсэн хүмүүсийн хувьд хориг арга хэмжээнд багтаж, тэдний үл хөдлөх хөрөнгийг царцааж байна гэжээ. Путин өөрийн хөрөнгийг гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр нуун дарагдуулдаг гэж барууны орнууд сэрдсээр ирсэн. 

Энэ жил 35 настай Тихонова технологийн салбарт бизнес эрхэлдэг бөгөөд Оросын Засгийн газар, батлан хамгаалах салбарыг дэмжин ажилладаг байна. Харин түүний эгч 36 настай Воронцова төрийн санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд Кремлиэс олон тэрбум ам.долларын хөрөнгө авч генетикийн судалгаа хийсэн ажээ. 

Путин хэдийнэ өвөө болсон ч өөрийн гэр бүлийн тухай олон нийтээс нууцалсаар ирсэн тул хэдэн ач зээтэй нь тодорхойгүй юм. 

Эх сурвалж: ВВС