Цаг үеийн мэдээ

Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор “Атрын IV аян-Эх орны эрүүл хүнс” уриатай “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” сэдэвт үндэсний чуулган гурван өдрийн турш үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө.

Хаврын тариалалт хаяанд ирсэн энэ чухал цаг үед Монгол Улсын төрийн тэргүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд зэрэг төрийн төлөөлөл, хүнс үйлдвэрлэгч-тариалан эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, салбарын үе үеийн зүтгэлтнүүд, зочид, төлөөлөгч нэгэн дээвэр дор цуглан асуудлыг хамтдаа ярилцаж, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Чуулганыг “Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”, “Агрономчдын улсын хоёрдугаар зөвлөгөөн”, Төмс, хүнсний ногоо, хүлэмжийн тариалан, зоорийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”, “Жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн” гэж салбар тус бүрээр ангилж, асуудлыг нарийвчлан хэлэлцэх боломж олгосноороо онцлогтой байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэгдсэн чуулганыг нээж оролцлоо. Тэрбээр хүн амыг чанартай, аюулгүй, эрүүл хүнсээр хангахад дотоодын үйлдвэрлэгч-тариаланчдын хувь нэмэр, хөдөлмөр зүтгэл чухал болохыг онцлоод цаашид органик хүнс экспортлогч орон болохын төлөө хамтдаа хичээн ажиллахыг тодотгон хэлэв.

"Ер бусын хямралын цаг үед эхэлж буй энэ удаагийн хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг өнгөрсөн оны түвшингээс бууруулахгүй байх нь эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, цар тахал, олон улсын хямралыг даван туулахад нэн чухал ач холбогдолтой” гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд онцлон тэмдэглэснийг Ерөнхий сайдын зөвлөх Д.Дашням уламжилж, чуулганд оролцогчдод илгээлт илгээсэн юм.

“Бид 2025 он гэхэд 687 мянган га талбайд тариалалт хийж, 313 мянган га талбайг уриншлан, нийт үйлдвэрлэх бүтээгдэхүүний төсвийг 1.4 их наяд төгрөгт хүргэх зорилттой ажиллаж байна. Энэ зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө жилийн дөрвөн улиралд цаг наргүй хөдөлмөрлөдөг тариаланчдын хичээл зүтгэл хамгаас чухал билээ. Төрийн зүгээс шаардлагатай дэмжлэгийг үзүүлж хамтран ажиллана” гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд илтгэлдээ онцлов. 

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” нэгдсэн чуулганаар өмнөх хоёр өдөр болсон салбар зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг танилцуулав. Энэхүү зөвлөмжүүдэд тариаланчдын амьдралаас урган гарсан, амьдралд ойр саналуудыг тусгаснаараа ач холбогдолтой болсон гэж мэргэжилтнүүд үзэж байлаа.

Чуулганд оролцогчид хүнсний ногоочдыг дэмжсэн хэд хэдэн чухал шийдвэр гаргасанд талархалтай байгаагаа онцлон хэлж, өөр бусад тулгамдаж буй асуудлаараа асуулт асууж, харилцан санал солилцсон юм. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулганаас гаргасан саналуудыг үндэслэн Улсын Их Хурал, Засгийн газар болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн, судлаачдад зөвлөмж гаргасныг танилцуулснаар чуулганы үйл ажиллагаа өндөрлөсөн юм.